“Шашки” сэтгүүлийн нэрэмжит зуун буудалт даамын бодлого бодолтын 1987, 1989 оны дэлхийн аварга, спортын мастер Л.Цэрэнбямба агсны нэрэмжит хаврын гран-при тэмцээн тавдугаар сарын 12-14-нд “Алдар” спорт хороон дээр болж өндөрлөлөө. “Алтан хүү” клубээс зохион байгуулсан тус тэмцээнд нийт 52 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд үүний дотор ОУИМ цолтон 5, ДДХМ 7, спортын мастер 15, дэд мастер 9 байсан юм. Хөдөө орон нутгаас Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-Сүмбэр, Дорнод, Төв, Дархан-Уул, Булган аймгийн тамирчид ирж оролцсон юм.
Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Г.Ганжаргал 15 оноогоор тэргүүлж, спортын мастер Э.Энх-Эрдэнэ 15, ДДХМ Ц.Сүхбат 14, ДДХМ Ц.Хашчулуун 13, ОУИМ Д.Эрдэнэбилэг 12 оноогоор шагналт байранд шалгарлаа. Эмэгтэйчүүдээс спортын мастер Е.Ариунзаяа, У.Цэрэндолгор нар 12, спортын мастер Г.Хэрлэнмөрөн 11 оноогоор эхний гурван байрыг эзэсэн юм. Тэмцээний ахмадын ангилалд П.Бат-Очир 10, Я.Намхай 10, Л.Гансүх 9 оноогоор тэргүүлж, өсвөрийн 10 хүртэлх насанд охидоос Т.Мөнхжин 4, хөвгүүдээс Г.Гүндсамбуу 9, 11-13 насанд охидоос Б.Мишээл 11, хөвгүүдээс Б.Энхрийлэн 11, 14-16 насанд охидоос Б.Цэдэв 9, хөвгүүдээс Ц.Чинзориг 12 оноогоор ангилалдаа тус тус түрүүлсэн юм. Тусгай шагналыг хөдөө орон нутгийн тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн Дорнод аймгийн дэд мастер Ц.Амарсанаад олгосон байна.
Тус тэмцээн нь “Алтан хүү” клубээс зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын энэ оны дөрөв дэх тэмцээн ажээ. Л.Цэрэнбямба агсны том хүү, тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Энгүүмэл билэг” ХХК-ийн захирал, спортын мастер Ц.Эрдэмбилэгт нээлтийн ажиллагааны үеэр МҮОХ-ны “Олимпийн алдар” одонг гардуулсан юм.