Гэр бүлийн хүчирхийллийн улмаас олон эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарч байгаа. Манай улсад жилд дунджаар 300 орчим хүн бусдын гарт амиа алддаг гэсэн тоо судалгаа байгаа ч бусдад мэдэгдэлгүй хичнээн хүн хүчирхийллийн улмаас амиа алдаж байгааг нарийн мэдэх боломж байхгүй билээ. Ерөнхийлөгчийн санаачилсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл дуншиж байж арайхийн УИХ-ын босгыг давсан байгаа.
Эмэгтэй гишүүд эл хуулийн төслийг батлуулахаар тууштай ажиллаж, анхаарал тавьж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Хуулиар Гэр бүлийн хуулийг дотор нь олон хувааж, ангилж байгаа бөгөөд хамгийн гол нь гэрч хохирогчийг хамгаалах тал дээр илүү анхаарал хандуулж, чиглүүлэх нь чухал гэдгийг эмэгтэй гишүүд хэлж байгаа юм. Түүнээс гадна гэрт үйлдэгддэг хүчирхийллийн нэг хэлбэр бол тэтгэврийн насны хөгшүүл, групптэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүчирхийлэх, дарамтлах явдал аж.
Тухайлбал, хөгшин настай аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг булааж авах, хөгжлийн бэрхшээлтэй, групптэй байдаг ах эгч, дүү, үр хүүхдээ гадуурхаж, өлөн зэлмүүн, хоол ундгүй байлгахыг хүчирхийллийн нэг хэлбэр юм хэмээн хуульд тусгаж оруулсан байна.
Хамгийн ноцтой нь, гэр бүлийн хүчирхийлэл даамжирч, эмэгтэй хүн, энхрий нялх үрс хэн нэгэн хүчирхийлэгчээр амиа алдаж байгаа нь харамсалтай бөгөөд уг хуулийг батлуулж, хэрэгжсэн тохиолдолд хүчирхийлэл үйлдсэн хүн бүрт хуулийн хатуу хариуцлага тооцож байхаар тусгагдсан нь олны сайшаалд хүрээд байгаа юм. - See more at: http://www.wikimon.mn/content/61180.shtml#sthash.v3HRDDTU.dpuf