05.04

Дугуйн түрээсийн төв ажиллаж эхэллээ

Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу?” аяныхаа хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч, энэ хугацаанд олон ч ажлуудыг зохион байгуулаад байгаа юм.

Энэ хүрээнд олон ажил хийгдсэний нэг нь МЗХ-ны дэргэдэх “Nice bike” клубын хамт олон Монголын Залуучуудын Холбооны байрны хажууд унадаг дугуйн түрээс, засвар үйлчилгээний төвийг шинээр нээгээд хоёр жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ. Тэгвэл уг төв нь өнгөрсөн долоо хоногоос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Тус төв нь төрөл бүрийн унадаг дугуйг хувь хүн, албан байгууллагуудад түрээслүүлэх бөгөөд ажлын болон амралтын өдрийн аль ч цагаар дугуй түрээслэх боломжтой гэнэ. Тэд хүмүүст түрээслэж авсан дугуйгаараа өөрийн хүссэн газраар аялах боломжийг олгож байгаа юм.

Унадаг дугуй түрээслэж унахыг хүсэгчид цахим үнэмлэхээ авчрах ба нэг дугуй нь цагийн 3000-3500, өдрийн 16000 төгрөгний үнэтэй байгаа бөгөөд түрээслэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө, хамгаалалтын малгай зэргийг бэлдсэн аж. Түүнчлэн ард иргэдэд зөв замаар аялахад нь туслах зорилготой тусгай маршрутыг ч гаргажээ.