Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 30-наас энэ сарын 01-ний шилжих шөнө гарсан хээрийн түймэрт Буян-Овоо, Муруйн говь,Омбо, Гогсоо, Баянцагаанд хаваржиж байсан Баруун-Урт сумын харьяа айл өрхүүд өртсөн байна.
Тус сумын ЗДТГазраас шуурхай ажлын хэсэг байгуулагдаж энэ сарын 02, 03-ний өдрүүдэд түймэрт өртсөн айл өрхүүдээр явж нөхцөл байдалтай танилцан хохирлын хэмжээг тогтоожээ. Тодруулбал, Баруун-Урт сумын харьяа долоон өрхийн найман гэр, 104 адуу, 13 тугал, 25 үхэр, 56 хонь, 50 хурга, 30 ямаа, 161 ишиг, таван өвөлжөө, гурван хаваржаа шатсан тухай хохирлын мэдээнд дурдагджээ. Хээрийн түймэрт өртөж гэр оронгүй болсон айл өрхийн хувьд ойр байгаа айлд толгой хорогдон галаас авч гарсан малаа маллаж байгаа гэнэ.
Түймрийн улмаас үүссэн үнс нь хүчтэй салхинд дэгдэж харанхуйлах үзэгдэл гарах нь элбэг байгаа бөгөөд түймрийн утаанд малчдын эрүүл мэнд хохирч хоолой боогдсон, сөөсөн, нүд хорсож улайсан байдалтай байгаа тул малчдад өвс тэжээл, хувцас, гэр зэрэг анхдагч хэрэгцээний зүйлүүдээр туслахыг УИХ-ын гишүүн М.Зоригт уриалжээ.