Автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах Нээлттэй хаалганы өдөрлөгөөр танилцуулна. Арга хэмжээ 10:30 цагаас болох бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нээж үг хэлнэ.
Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгох ба нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулахаас гадна хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлсэн талаарх мэдээллийг авах боломжтой. Мөн “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Экобус болон цахилгаан авто машин, аялалын машин, ШУТИС-ын оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин”ыг танилцуулна.
Өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой үзүүлэн болох АН-2 онгоцыг монгол инженер, техникчид шинэчлэн засаж, шинэ онгоц үйлдвэрлэх гэж байгаа талаарх мэдээллийг аваарай. Түүнчлэн шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа болно.