05.27

Нийтийн тээврийн үйлчилгээнд найман троллейбус шинээр нэмж гаргалаа


Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2-р бааз нь эко бааз болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тус 2-р баазын хувьд анх ОХУ-ын тусламжтайгаар байгуулагдаж, троллейбус комбинатын суурин дээр БНХАУ-ын сэлбэг тоног төхөөрөмжөөр угсрагдсан нийт 47 троллейбус, Солонгос улсад үйлдвэрлэсэн Хьюндай маркын каунти 30, Белорус улсын үйлдвэрийн маз маркын 20 угсраа автобус, Монгол улсад үйлдвэрлэсэн 20 эко автобус зэрэг хөдлөх бүрэлдэхүүнтэй юм.
2011 оноос хойш эвдрэл гэмтэлтэй троллейбусны тоо 17 хүрч, техникийн бэлэн байдал 63 хувьтай байсан. Шинэ удирдлагууд ирснээр 5 троллейбусанд техникийн засвар үйлчилгээ хийж шугаманд гаргасан. 12 троллейбусанд их засвар хийх шаадлагатай байсныг 8 тээврийн хэрэгсэлд их засвар хийж үйлчилгээнд гаргалаа.
Энэ онд троллейбус компани байгуулагдсны 30 жилийн ой тохиож байгаа. Ойн баярын хүрээнд 30 шинэ бүтээлч томоохон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь их засвар хийх шаардлагатай троллейбуснууд юм. Цаашид ч тус бааз Япон улсын буцалтгүй тусламжаар нэг цахилгаан автобусыг үнэ төлбөргүй оруулж, үйлчилгээнд туршилтаар явуулахаар тохиролцоод байгаа юм байна.