“Лилин” кунгфугийн сургуулийн ээлжит аяллаа энэ зургаадугаар сард зохион байгуулж, Хятадын Чиндаод хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Энэ талаар тус сургуулийг үүсгэн байгуулагч Лили Наритайтай ярилцлаа.
-“Лилин” кунгфугийн сургууль Хятад улс руу аялал зохион байгуулахаар болсон гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай “Лилин” кунгфугийн сургууль 2015 оны 11 дүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монгол Улсад ганцхан байдаг кунгфугийн сургууль л даа. Бид үүсгэн байгуулагдсанаасаа хойш шифү буюу манай багш руу очиж өөрсдийнхөө ур чадвар, сурсан мэдсэнээ шалгуулах, шинэ зүйл сурч ирэх аяллыг жилдээ нэг удаа зохион байгуулдаг юм. Яагаад гэвэл, Улаанбаатарт энэ төрлийн өөр сургууль байхгүйгээс бидэнд туршлага солилцох өөрсдийгөө апдэйт хийх боломж байдаггүй. Тиймээс энэ удаагийн аяллаа энэ зургаадугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
-Танай сургууль энэ аяллаа уламжлал болгон зохион байгуулдаг уу?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хонгкогт болсон олон улсын ушугийн аварга шалгаруулах тэмцээнд манай шавь сэлэмтэй төрлөөс алтан медаль хүртээд ирсэн. Тиймээс бид хэдийгээр ганцхан сургуультай ч гэлээ өөрсдийн хэмжээнд хөгжиж байгаа юм байна гэж үзээд энэ жил дахиад аяллаа төлөвлөсөн. Энэ удаагийн аяллыг зургаадугаар сарын 21-28-ны хооронд гэж төлөвлөж байсан боловч бид галт тэргээр явах болсон учраас хоёр, гурав хоногийн наашаа цаашаа болж байгаа юм. Аялалд манай сургуулийн хүүхдүүд явах юм. Мөн маш гоё аялал болдог учраас бидэнтэй хамт явахаар сонирхож байгаа хүүхдүүдэд нээлттэй гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, аяллыг сонирхож байвал надтай холбогдоод сургууль дээр маань ирээд танилцаад, хамт аялах боломжтой гэсэн үг. Кунгфу сонирхож байгаа бүх хүнд нээлттэй 7-10 хоногийн аялал юм.
-Хятадын кунгфугаар хичээллэгсэдтэй хамтарсан бэлтгэл хийж, туршлага солилцонгоо аялах юм байна, тийм үү?
-Тийм ээ. Хамгийн гол нь, нэг охин кунгфу заагаад байдаг тэр нь чухам юм гэж бодож байгаа хүмүүст энэ аялал их туршлага болон. Кунгфу гэж хаанаас, юунаас гаралтай бид хаана сурсан, хятад хүүхдүүд хичээллээд ямар сэтгэлийн хат тэвчээр суудаг юм гэдгийг монгол хүүхдүүд харилцан туршлага солилцох гэж байна. Тэгэхээр хүүхдийн хүмүүжлийн хувьд ч тэр сурч мэдэж байгаа юмныхаа уг үндсийг мэдэхэд ч чухал ач холбогдолтой аялал. Ийм ач холбогдолтой аялал учраас би зөвхөн өөрийнхөө шавь нарыг авч явна гэдэг аминч үзэл гаргалгүй сонирхож байгаа хүмүүст боломж олгохыг хүссэн. Аяллын хугацаанд бид Хятадын Чиндао хотод тав хоног бол тасралтгүй бэлтгэл хийнэ. Шифү /өөрийнх нь багш/ миний багш болон хятад хүүхдүүдтэй хамт дасгал хийх юм.
-Аяллын төлбөрийн хувьд хэр байх бол?
-Аяллын төлбөр 170 мянган төгрөг. Ер нь бол кунгфугийн 1-20 сая орчим төгрөгийн нэг сарын сургалтууд байдаг. Бид болохоор 170 мянган төгрөгийн төлбөр авч байгаа юм. Энэ гэхдээ яг ч төлбөр биш. Хөтөлбөрт зарцуулагдаад явна. Мэдээж бид өөр улс руу явах учраас үүн дээр аяллын зардал нэмэгдэнэ. Ерөнхийдөө бид энэ аяллыг хямд зардлаар зохион байгуулахад анхаарч байна. Манай сургууль ашгийн бус. Би сургуулиасаа нэг ч удаа ашиг харж байгаагүй л дээ.
-Танай сургуульд одоогоор хэчнээн хүүхэд сурч байгаа вэ?
-Би нийт 100 гаруй шавьтай болсон. Одоо бол 50-аад хүн байна. Байнга тогтмол хичээллэдэг 30-аад хүн бий. Тэдгээрээс 10-15 нь энэ удаагийн аялалд явах юм.
-Кунгфугийн сургууль гэхээр манайд шинэ зүйл л дээ. Хугацаатай курс хэлбэрээр байдаг юм болов уу. Хэдэн жил хичээллээд төгсөнө гэсэн ойлголт байх уу?
-Үгүй. Тийм зүйл байхгүй. Хүний life time амьдрах урлаг гэж хэлж болно. Жишээ нь, таеквандогийн сургууль бүс, сертификат аваад төгсдөг. Бид бол хүн эрүүл байх, хүүхдийн хүмүүжил, хүний зуршил гэх зэргээр цогц тэр бүгдэд ажиллаж байгаа учраас “Чи төгсөх болчихлоо шүү” гээд гаргадаггүй. Төлбөрийн хувьд сар сардаа өгөөд явдаг боловч хүн урт удаан хугацаанд өөрийн болгож авдаг өвөрмөц спорт, амьдрах урлаг гэж хэлж болно. Гэхдээ мэдээж мэргэших хүмүүс, мэргэжлийн тамирчид очоод шалгуулах шалгалттай, оролцох тэмцээнүүдтэй. Энэ нь мэргэжлийн хүмүүст яригдана л даа.
-Хүүхдээ кунгфугээр хичээллүүлэхээр сонирхож байгаа эцэг эхчүүд хамт суралцах боломжтой юу?
-Бүгд нээлттэй. Эцэг эхчүүд хичээллэж болно. Бид нас харгалздаггүй. Гурваас дээш насны бүх хүн явж болно. Мөн дауны синдромтой ч юм уу биеийн болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай хичээл явагддаг. Тийм хүүхдүүдэд очих газар байхгүй биш. Манай сургууль хүлээж авна. Ялангуяа бид булчингийн нарийн дасгал болон тархины дасгалууд маш их хийдэг учраас тэр хүүхдүүд, хүмүүст маш их хэрэгтэй. Түүнчлэн настай хүмүүс ч хичээллэдэг. Бид зөвхөн бясалгаад суух биш дасгалтай хослуулдаг. Мөн хэт их ачаалалтай, стресстэй ажилладаг хүмүүст зориулсан дасгалууд ч бий. Фитнест төмөр өргөөд стрестэхгүй хэрнээ хамгийн их ажиллах ёстой булчин шөрмөсийг байнга ажиллуулж байдгаараа онцлогтой. Дээрх хүмүүст зориулсан холимог анги хичээллэдэг.
-Сургуулийнхаа талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл хүргээч. Хэдэн багштай, төлбөрийн хувьд ямар байдаг талаар?
-Надтай нийлээд хоёр багштай. Манай сургуулийг анх үүсэн байгуулснаас эхлээд хичээллэсэн 61 настай хүн байдаг. Тэгсэн хэрнээ хичээллэе гээд ирж байгаа залуусаас хөнгөн шингэн болчихсон. Анх эхнэр нь “Манай хүн хөдөлгөөний дутагдалд ороод хөшиж үхлээ” гээд манай сургуульд авч ирсэн. Одоо бол “Үлдсэн амьдралаа кунгфуд зориулна” гэдэг болсон. Одоогоор манайд хичээл зааж байна. Намайг байхгүй үед сургуулийг авч явж байна. Миний хувьд хэд хэдэн төсөл хариуцаж ажилладаг. Сургуулийн маань сарын төлбөр 96 мянган төгрөг. Долоо хоногийн хоёр өдөрт хичээллэдэг. Наснаасаа хамаараад цагаа сонгоно. Долоо хоногийн тэгш өдрүүдэд хичээллэдэг. Одоо бид аялалд явах гэж байгаа учраас нэлээд шахуу долоо хоногт дөрвөн өдрийн бэлтгэл хийж байна.
-Аяллын талаар сонирхож байгаа хүмүүс хаана хандах вэ?
- “Peace tower”-ын 12 дугаар давхарт байрлаж байгаа манай сургууль дээр ирж уулзах боломжтой. Түүнчлэн “Лилин” кунгфугийн сургуулийн “Фэйсбүүк” хуудсаар холбогдож болно. Мөн 88114226 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, захиалга өгөхөд нээлттэй.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.