Балетчин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Монголын балетын хөгжил сангийн тэргүүн Д.Алтанхуяг сүрьеэтэй хүүхдүүдэд зориулсан хандивын тоглолт хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 7-нд "Шангри-Ла холл"-д болох юм. Энэ тухайд тэрбээр "Миний бодож явдаг, тодорхой хэмжээнд санаа зовж явдаг сэдэв бол хүүхдийн эрүүл мэнд, зөв хооллолт байдаг. Балет, эрүүл мэнд, зөв хооллох гэсэн сэдвүүд хоорондоо маш нарийн уялдаа холбоотой. Зургадугаар сарын 7-9-нд манай улсад ЕвроАзийн “Nutrition Forum” болох гэж байгаа юм. MHI гэж, Харвардын их сургуулийн Анагаахын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Д.Ганмаагийн тэргүүлдэг “Монголын эрүүл мэндийн үүсгэл” төрийн бус байгууллага санаачлан зохион байгуулж, ЭМЯ, ШУТИС зэрэг эрүүл хооллолтыг хөхиүлэн дэмждэг төрийн болон төрийн бус томоохон байгууллагууд хамтарч ажиллаж байгаа юм. АНУ, БНХАУ, Казахстан зэрэг улс орны дэлхийн эрүүл мэндийн салбарт нөлөө бүхий том том эрдэмтэн професорууд ирж форумд оролцоно. Ийм нөлөө бүхий хүмүүс Монголд цуглаж буйг тохиолдуулан 7-ны орой “Сүрьеэгүй Монголын төлөө” гэсэн уриан дор, манай улсад харанга дэлдэх хэмжээнд хүртэл өргөн тархаад буй сүрьеэ өвчинтэй тэмцэхэд олон нийтийг нэгдэхийг уриалах зорилготой арга хэмжээ, хандивын тоглолт, хүлээн авалт зохион байгуулж байгаа юм. Бид олон нийтийн эрүүл мэндийн төлөөх санаачилга, үйлсэд хүч нэмж оролцож байгаа юм. Сүрьеэ өвчнийг Монголд, улмаар дэлхийд тэглэх үйл хэрэгт хүн бүрийн анхаарал, хүчин чармайлтыг хандуулах зүтгэлд нь нэмэр болохыг хүсч хандивын тоглолт хийж байгаа юм. Тэр үдэш богино хэмжээний лекц, хүлээн авалт зэрэг арга хэмжээ болно. Цөөхөн хүн урьсан, tax-тай бөгөөд орлогыг сүрьеэгээр өвдсөн хүүхдүүдийн эмчилгээнд хандивлах юм" хэмээсэн байна.