06.29

Сибирийн тойргийн Өмгөөлөгчдийн спартакиад Монголд болно

ОХУ-ын Сибирийн тойргийн Өмгөөлөгчдийн танхимын 12 дугаар Спартакиадыг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 2017 оны 7-р сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулахаар боллоо. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2017.01.17-ны өдрийн 17/07 тоот тушаалаар ОХУ-ын Сибирийн тойргийн Өмгөөлөгчдийн танхимын 12 дугаар Спартакиадыг зохион байгуулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэндсүрэн, гишүүдэд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Гансүх, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч З.Алтангэрэл, Л.Баярт, Д.Пүрэвбаатар, Л.Энхсайхан, Г.Орхон, Э.Ганхөлөг, З.Хүрэлсүх, өмгөөлөгчийн туслах В.Арслан, Гадаад харилцааны менежер Ц.Галтаа нар багтжээ. 
Тус тэмцээнд 2012 оноос хойш Монголын Өмгөөлөгчдийн Холбооны баг тамирчид 5 жил дараалан тасралтгүй оролцож ирсэн уламжлалтай. Тус спортын наадмыг “Resort World Terelj Hotel” амралтын газарт зохион байгуулахаар болсон бөгөөд 2017 оны 6-р сарын 27-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар “Баянхайрхан Трейд” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Дамба нар “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, хамтран ажиллахаар боллоо. 
Монгол улсад зохион байгуулагдаж буй Спортын наадамд ОХУ-ын Өмгөөлөгчдийн нэгдсэн танхимын Ерөнхийлөгч Юрий Сергеевич Пилипенко, дэд ерөнхийлөгч Андрей Владимирович Сучков, зөвлөх Вахтанг Важаевич Федеров, сэтгүүлч Глеб Николаевич Кузнецов нараас гадна ОХУ-ын Сибирийн тойргийн 10 мужийн 250 орчим өмгөөлөгчид хүрэлцэн ирэх юм. 
Сонирхуулахад, ОХУ-ын Сибирийн тойрогт нийт 12 муж улсууд багтдаг юм. Үүнд: /Горный Алтай, Алтайн БНУ, Буриадын БНУ, Чита, Эрхүү, Кемерово, Красноярск, Новосибирск, Омск, Томск, Тува, Хакасийн БНУ гэх мэт/
Ийнхүү ОХУ-ын 10 мужаас хүрэлцэн ирэх өмгөөлөгчдийн баг тамирчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч өмгөөлөгчдөөс бүрдсэн баг тамирчидтай хөл бөмбөг, воллейбол, шатар, ширээний теннис, билльярд, буухиа тэмцээн, гир өргөлт зэрэг спортын 7 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. 
Жич: ОХУ-ын “Народный артист-3” тэмцээний ялагч, Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү ая дууны мэндчилгээ дэвшүүлж, урлаг соёлын арга хэмжээ зохиогдохоор төлөвлөгдсөн байна. 
Спортын тэмцээний үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хуульчдын холбоотой хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онол, практик” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаачид илтгэл тавихаар болсныг дуулгахад таатай байна.