1990-ээд оны үед оюутны шоуд оролцож "Бурхан" дуугаараа овоглох болсон дуучин Зоригоог тэр үеийнхэн андахгүй сайн мэднэ.
Тэрбээр энэ тавдугаар сарын 09-ний өдөр буюу Ялалтын 70 жилийн ойн баяраар Циркийн замын хойно байрлах BB Grand Royal зоогийн газарт бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү амьд хөгжмийн концертод "Маршалл" хамтлаг оролцохоос гадна дуучин "Цэцэг"-ийн Батболд, "Айзам-2"-ын Мөнхбаяр, "Шигтгээ"-гийн Цогоо, "Харш"-ийн Бааска гээд 90-ээд онд доргиож байсан хамтлаг, дуучид оролцож, ая дууны мэндчилгээ өргөх аж.
Сонирхолтой нь, "Хар сарнай"-н Маадайгийн ажиллуулдаг дээрх зоогийн газарт болох энэхүү тоглолтын өдөр "Бурхан" Зоригоогийн төрсөн өдөр тохиож байна. Тиймээс "Бурхан" Зоригоогийн тайзнаа гарснаас хойш 25 жилийн дараа болж буй анхны ВИП тоглолт тун цөөхөн хүний хүрээнд оройн 19 цагаас эхлэх бөгөөд 30 мянган төгрөгийн такстай ажээ.