Залуу арьс гэж ямар арьсийг хэлдэг вэ? Хүний арьс 25 нас хүртэл залуу арьсанд тооцогддог. Энэ насыг хүртэл арьс нь эрүүл өнгөтэй, нүүрний булчингийн үйл ажиллагаа идэвхитэй, уян хатан чанартай байдаг. Гэхдээ залуу арьс ч бас гэмтдэг гэдгийг мартаж болохгүй. Залуу бүсгүйчүүд, өсвөр насны охидын арьс, түүний гоо сайханд тулгамддаг асуудлын гол шалтгаан нь бэлгийн хөгжлийг үе дэх гормоны өөрчлөлт байдаг. Бид насны онцлог ч гэж нэрлэдэг энэ үед арьс тослогтох, нүүрний үс ургаж эхэлдэг. Чухам энэ үед л арьсаа эрүүл толигор чигээр нь хадгалах арчилгаа хийх, арьсны гоо сайхныг хадгалах зөв гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгох шаардлагатай болдог.
Хэдэн наснаасаа эхлэн арьсаа хамгаалж эхлэх ёстой вэ? Аль болох өсвөр бага наснаасаа эхлэн залуу эрүүл арьсаа гадны бичил биетүүд, үрчлээнээс хамгаалах шаардлагатай. Нас биед хүрсэн хүн өдөрт 8 цаг унтаж амрах шаардлагатай байдаг. Харин өсвөр насныхны сэтгэл зүйн онцлогоос хамаарч шөнө орой унтах үзэгдэл нь арьсыг тайвшруулж, уян хатан байдлаа хадгалах байгалийн нөлөөллийг бууруулдаг байна. Үүнээс гадна оройтож тарсан үдэшлэг, будгаа арилгахгүй унтах зэрэг нь арьсны эрүүл мэндэд хортой. Арьсны эд эс өсвөр насанд хамгийн идэвхтэй нөхөн сэргээгддэг, шинэчлэгддэг. Гэхдээ энэ насанд арьсаа хамгаалах арчлах тухайд охид төдийлөн анхаардаггүй учир охин чиний өнөөдөр үйлдэж байгаа буруу зуршил хэдхэн жилийн дараа нарны цацраг мэт харагдах үрчлээт нүүртэй болох эхний алхам болдог гэдгийг битгий мартаарай. Өсвөр насанд нүүрний арьсан дээр нөсөө толбо, батга гарах, арьс тослогтож эхэлдэг. Энэ үед эдгээр “асуудлаас” зайлсхийхийн тулд арьсаа бүрэн цэвэрлэж, арчлах шаардлагатай байдаг.
Өсвөр насны охид нүүрээ цэвэрлэх шаардлагатай юу?
Өдөр болгон нүүрээ арьс арчилгааны бүтээгдэхүүний тусламжтай цэвэрлэнэ гэдэг өсвөр насны охидод залхуутай мэт санагдаж болох ч энэ наснаас л эхлэн арьсаа арчлах нь эрүүл залуу арьсаа хадгалах гол алхам нь болж өгдөг. Үүнээс гадна арьсаа байнга цэвэрлэхэд батга гарах магадлал буурдаг. Ямар ч тохиолдолд нүүрнийхээ арьсыг гар нүүрний савангаар угааж цэвэрлэхгүй, аль болох арьс арчилгаа тэр дундаа сүүн болон спирттэй цэвэрлэгчээр цэвэрлэх шаардлагатай байдаг. Арьс өөрөө гадны бичил биетүүдээс хамгаалах тусгай бодисыг ялгаруулдаг. Савангаар угааж цэвэрлэх нь арьсны өөрөө өөрийгөө хамгаалах дархлааг сулруулж, тэдгээр ашигтай бодисуудыг устгадаг. Арьсаа цэвэрлэх, арчлах арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгохын өмнө өөрийн арьсаа тодорхойлох шаардлагатай.
-Хуурай арьс: Хуурай арьс нь зөөлөн, нимгэн байдаг. Өсвөр насанд ийм төрлийн арьс нь ямар ч нүхгүй, батга, хар батга гарах нь бага боловч насжихийн хирээр хамгийн хурдан хугацаанд үрчийж, нүхждэг. Тэжээл авах нь багасдаг тул жижиг үрчлээ үүсч, үрэвсэх, цагаан батга гарах, гадны нөлөөнд хэт мэдрэг болдог.
-Тослог арьс: Энэ төрлийн арьс нь барзгар, зузаан байдаг онцлогтой. Энэ байдал нь арьсийг гадны сөрөг нөлөөллөөс хамгаалах бүрэн боломжтой. Тослог арьс нь хуурай арьс шиг амархан үрчийгээд байдаггүй боловч батга, үс ургах зэргээр арьсны эрүүл байдал алдагддаг
-Холимог арьс: Өсвөр насанд холимог арьс арчилгаа багатай байдаг. Нүүрний дунд хэсэг буюу хамар, эрүү, духны хэсэг тослог, бусад хэсэг нь хуурай байдаг учир тослог ихтэй газраар батга гарах, хуурай газрыг даган жижиг үрчлээ үүсэх магадлалтай. Хүзүүний арьс хуурайшилтаас үүдэж хамгийн хурдан үрчийдэг.
-Хэвийн арьс: Насанд хүрэгчдийн дунд хэвийн арьстай хүмүүс тун ховор тохиолддог. Энэ төрлийн арьс нь гөлгөр, зөөлөн, хүүхдийн арьс шиг гэсэн тодотголтой байдаг.
Гоо сайхны бүтээгдэхүүн сонгох зөвлөгөө
Арьсныхаа эрүүл байдлыг хадгалахыг хүсэгч охид бүсгүйчүүд өөрсдийн арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ тухайн арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагатай хамгийн түрүүнд танилцах шаардлагатай. Хэн хүний хэлсэн сайн гэсэн бүтээгдэхүүн таны арьсны онцлогт тохирохгүй гэдгийг битгий мартаарай. Ямар нэгэн шинэ төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж тохирох эсэхийг нь турших гэж байгаа бол үндсэн суурь тоникийг заавла хэрэглэх шаардлагатай. Энэ нь тослоггүй тул өсвөр насны арьсыг цочроодоггүй. Тоник сууринд өнгөө барих, удаан хадгалахад зориулагдсан химийн бүтээгдэхүүн ороогүй байдаг учир арьсанд харшил өгдөггүй.
Хадгалалтын хугацаа нь дууссан арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ийм бүтээгдэхүүн нь олон төрлийн нянгаар бохирлогдсон байдгаас гадна ашигтай амин дэм, байгалийн гаралтай найрлагын ашиг шим нь тус болохоосоо өнгөрсөн байдаг. Нарны хэт ягаан туяаны хамгаалалттай тос сонгож байх хэрэгтэй.