05.06

Засаг хөдөлгөөнд орж задрах уу?

Шийдлийн Засгийн газар байгуулагдаад наашаа харж инээж, цаашаа харж уурлаж байж нэгдсэн МАНАН-гийнхан засгаа задлахаар хөдөлгөөнд орж эхлэв. Үнэндээ засаг гэж завхарсан замбараагүй юмнаас болж дээрээ ч суудлаа олохгүй, дороо ч гүйдлээ олохгүй манарч будилж яваа. Гэтэл МАН-ын гишүүд засгаас гарахаа мэдэгдэн бужигнаж, засгийг хөдөлгөөнд оруулж эхлэв. Засгаас тэд гарлаа гээд хэнд, юу ашигтай гэж ингэж авирлаж байна вэ? Үнэхээр нэг чиг бодлогын хүрээнд улс орноо удирдаж, чиглүүлж авч чадахгүй бол анхнаасаа яах гэж нэгдэж нийлсэн юм бол? Нийлээд энэ төр, засгийг их сайхан болгож авч явна гэж тохиролцсон тэд өнөөдөр яагаад толхилцож, нэгнээ үгүйсгэж АН-ыг гаргасан шийдвэрээ биелүүлэхгүй байна хэмээн нэгнээсээ өө хайж эхлэв. Цаашлаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн байгуулсан Шийдлийн Засгийн газрыг унагаах ч оролдлого хийж яваа сурагтай.

МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт “Манай намын олон гишүүн засгаас гарах гэж байгаа. АН-ынхан тохиролцсон тохироондоо хүрч чадахгүй, ийнхүү улс төрийн шийдвэрээсээ ухарч буцаад байвал бид хамтдаа байж чадахгүй. Өөрсдөө тусдаа хөдөлж, улс оронд үүсээд байгаа хямрал ядуурлыг аварна” хэмээн итгэл төгс ярьж байна.

Ийнхүү төрийг тоглоом болгож, улс төрийн шийдвэр гаргахад амархан шүү гэдгийг анхааруулж харуулаад байх шиг. Яасан ч чадамжгүй төр вэ? Тэмцэл зөрчил дотроосоо эхэлж, Шийдлийн Засгийн газрыг, парлеманттайгаа хамт аваад хаячих хэмжээний юмыг сэтгэж суугаа МАН-ынхан ямар агуу улс вэ? Нэгнийхээ хийх гэсэн ажлыг өөлж, урагш явуулдаггүй, албаар нэгнээсээ өө хайж, өөлж хэрэлдэж уралцаж суухаар энэ улс орон яаж хөгжих юм бэ? Төр барьж байгаа эрхэм гишүүд ээ, та нарыг хэрэлдэж уралдаж суухын ард улс орны эдийн засаг, улс амьтан нь хэцүүдэж гүйцлээ шүү.