07.20

Х.Баттулга “Дубайн гэрээ”-ний нөхдөд хариуцлага тооцохын оронд өөрийнхөө зөвлөхөөр томилов

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа хэсэг нөхөд дагуулан очиж Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод “Оюу толгой”-н “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэгчид гарын үсэг зурж байв. Төлөвлөгөө нэртэй энэ гэрээг товчхондоо “Дубайн гэрээ” гээд байгаа юм. Тухайн үед “Оюу толгой” ХХК-иас “Тус компанийн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудыг тусгасан “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнөөдөр гарын үсэг зурлаа” хэмээн албан мэдээлэл гаргаж байлаа. 
Үндсэндээ Ч.Сайханбилэг тэргүүтнүүд энэхүү гэрээ гэгчид гарын үсэг зурж, монголчуудыг 4.4 тэрбум долларын өрд оруулсан гэж болно.  Нэг зүйлийг онцлоход дээрх Дубайн гэрээ гэгчид гарын үсэг зурах асуудлыг Засгийн газар, УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, техник, эдийн засгийн үзүүлэлтээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын 57 дугаар тогтоолыг зөрчсөн гэж тухайн үед Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хөндөхөд хүргэсэн. 
Гэсэн хэдий ч тухайн үед олонх байсан эрх баригчид яаж ийгээд Ч.Сайханбилэгийг суудалд нь үлдээсэн юм. Гэхдээ энэ гэрээнд Ч.Сайханбилэг яг ч өөрөө гарын үсэг зураагүй нь бас огцруулах үндэслэл болсон байх талтай. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг Дубайн гэрээнд Монголын талаас “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар /тухайн үеийн албан тушаалаар/ нар гарын үсэг зурсан. 
Тэгвэл энэ нөхөд өнөөдөр хариуцлага хүлээх нь битгий хэл бүр Ерөнхийлөгчийн зөвлөх болчихсон тууж явна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг үргэлжүүлэн ажиллуулахаар томилсон. Тухайлбал, Д.Сосорбарам, Х.Цагаанбаатар, Ч.Отгочулуу, Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Бямбажав, Ерөнхийлөгчийн дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Б.Бямбасайхан нартай цаашид хамтарч ажиллахаар болсон юм. 
Б.Бямбасайхан 2015 оны наймдугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон бөгөөд өнөөх “Дубайн гэрээ”-нд гарын үсэг зурсан юм. Харин Ч.Отгочулуу 2013 оны есдүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон билээ. Ийнхүү тав дахь Ерөнхийлөгч Монголыг 4.4 тэрбум доллараар хохироосон нөхдийг зөвлөхөөрөө сонгосонд олон нийт таагүй байгаа юм. 

Г.НАРАН