07.27

Зүрхнээс аргамжаатай нутаг минь

Зүрхнээс аргамжаатай нутаг минь,
Зүггүй анхил салхи нь дураар бүжих, зүйрлэшгүй гоо цэцэгстэй эх орон минь, үнэр нь таримал биш амьд, салхи нь эрх чөлөөтэй омголон
Шувуудын дуун зоримог уянгалаг, шулганан өхөөрдөм жиргэдэг, тал нутаг цэлмэг тэнгэрийн жигүүртэн өөр юм билээ,...
саатаж би хүний нутагт шувуудын дууг сонссон, тэдний хэлээр ярьсан тэд их давчдангүй сөөнгө хоолойтойг би мэдэрсэн
Эх орон минь, уудам газар шороо эхийн сэтгэл шиг тальбуун тэнгэрээ би гайхуулдаг,.. тэр шорооны хэлтэрхий, тэнгэрийн хөх судал гэж би өөрөөрөө бахархдаг
Эх нутаг минь дугуй гэр, таанын үнэр, онгон байгалаа би омогшиж гайхуулдаг, тэр гэрт өссөн,..
тооноор нар тусаж, сар өнгийдөг, тэнгэрийн оддыг шөнөжин ширтдэг, тэр оддын нэг хэлтэрхийн нь би гэж онгирдог
...
Монголоо санахад гүйгүүл адуу шиг жолоо цулбуургүй давхиж одмоор, ..зүтгэж, цутгаж, дүүлж хүрмээр болдог
Монголоо зүүдлэхэд самсаа шархирч, нойтон сормуустай сэрдэг ,..тэрлэг дээлтэй ижий сүүгээ самарч, тэнүүн магнайтай аав минь гаансаа нэрж сэтгэлийг минь дүүргэдэг,..
Монгол минь их нүүдэл, эзэн Чингисийн нутаг минь энд төрсөн тавилангаа би шүтнэм, эзэн нь байж эмтэрхий чулуунд нь шингэнэм, ..
...
Төрсөн газарт бага нас минь горхины хөвөөн дээр эрвээхий хөөгөөд тоглож яваа, хөлийг минь үнсдэг цэцэгс хөдөөгөө чимээд дуулалдаж суугаа, цэцэгс дундаа хөрвөөхсөн, цэнгэлийг тэгээд эдлэхсэн
Чулуугаар гэр бариад орхисон толгод минь чимээ чагнан намайг харуулдан хүлээж байгаа, толгодоо бараадаж хонохсон, том жижиг чулуугаар ижий аав өрж, амраг минь адуундаа явж, аргалын галд цайгаа чанахсан
Монгол минь, нутаг минь адуу байсан бол давхиж хүрэхсэн, шувуу байсан бол нисэж дүүлэхсэн, зүрх минь таны цусаар дүрэлзэж, судас минь таны галаар буцална
Эх орон минь, амраг садан минь салхи байсан бол хийсэн халгиж очихсон, урсгал ус байсан бол цутгаж зүтгэж шингэхсэн ... сэтгэл минь догдолж тал нутгийн хурц тод нар мандана, ухаан минь саруулсаж монгол хүний уужуу тайван бодлоор сүлэгдэнэ..
Таниарай би бахархнам, ..таниарай би омогшином..сэтгэлээс тодрох эх орон минь, зүрхнээс аргамжаатай нутаг минь ээ…
Х.ДУЛАМСҮРЭН