07.28

Амьдралын урсгал

1-р Бүлэг.
1-р хэсэг

Бүгчим агаар газрын хэвлийг төөнөх мэт тийм халуун өдрүүд үргэлжилсээр. Халууны амралт дөнгөж эхлээд байсан цаг. Сөүл хот. Солонгоо дөнгөж төрөөд арван дөрөвхөн хонож байгаа охиноо тэврээд метронд суулаа. Яарч сандран зугтаж явахдаа бичиг баримтаа бүгдийг нь авсан байгаа гэж гэнэт бодон сая л нэг ухаан орсон мэт цүнхээ шалгаж үзэв. Паспорт, хүүхдийнх нь ...тус дүүргийн эмнэлэгт төрсөн нь үнэн гэснийг батлах бичиг баримт, банкны дэвтэр, карт бүгд байна. Бага зэрэг санаа амарлаа. Гэсэн ч айдас түгшүүр сэтгэлээс нь арилахгүй байв.
Хүүхэд нь ганц нимгэн даавуутай, өөрөө гэрийн шаахайтайгаа айж сандарсан нүдээр орчин тойрноо ажин, хөлсөө урсгаж яваа түүнийг хүмүүс гайхан харцгааж байгаа нь илт.
Тэгү хотоос Сөүл орох хурдны галт тэргэнд суусан тэрээр метроноос буухад хорин минут үлджээ. Хахир хатуу хадам эх, дуртай цагтаа гар зөрүүлэн зодож дарамтлах Солонгос нөхрөөсөө зугтан нялх үрээ тэврэн найзынхруугаа яваа нь энэ.
Тэрээр гурван жилийн өмнө Монголын нийгэм хүнд хэцүү, ажил төрөл ховор, цалин мөнгө бага тэр л үеүдэд амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр, газар үзэж нүд тайлан зорьсон зорилгоо биелүүлэхээр бусдын жишгийг дагаж хүний нутагт ирсэн билээ.
Энэ цагаас эхлэн үерхэж нөхөрлөсөн муу ах дүүгээс ч илүү ойр дотно гэж хэлж болох гурван сайхан найз бүсгүйтэй болжээ. Тэднийг Навчаа, Гэгээн, Байгаль гэх бөгөөд бусдын нутагт жаргал зовлонгоо хуваалцан бие биендээ түшиг тулгуур болон амьдарсаар яваа.
Өнөөдөр ч гэсэн учраа олохгүй доголон нулимстай бүлтгэнэн гүйж явах энэ үед найзуудаас нь өөр хэн ч түүнд байсангүй. Тэднийгээ бараадан ирж буй нь энэ.
Гэгээн, Байгаль хоёр ажилтай, тарах арай болоогүй байсан болохоор түүнийг метроны буудал дээрээс Навчаа тосож авлаа.
Хоёр долоохон хоногийн өмнө охинтой болсон хэмээн хөөр баяр болон утсаар залгаж байсан найз нь дан даавуунд боодолтой нялх үрээ тэврээд, гэрийнхээ хувцастай, айж сандарсан байдалтайгаар түүн дээр ирснийг хараад Навчаа гайхаж хоцров. Гэсэн ч түүний санааг зовоочихвий гэсэн дээ олон зүйл түрүүлж асуусангүй.
Тэд тэврэлдэн уулзаж мэндлээд, Навчаа Солонгоод цүнхээ өгч охиныг нь тэврэн такси барьж хамтдаа гэрийн зүг хөдөллөө.
Солонго Навчаад хандан,
- Найзыгаа гэнэт очиж явна гэж залгасанд гайхсан уу,наашаа ирэхээс өөр арга байсангүй ээ, танайд очиж байгаад бүгдийг тухтай ярина аа, хэмээн нүд дүүрэн нулимстай хоолой зангируулан хэлэхэд нь, ямар нэгэн юм болж дээ гэдгийг түүний ярианы өнгө харцнаас нь мэдэрсэн Навчаа,
- Яасан бэ миний найз зүгээр үү?, одоо тайвшир даа бүх юм сайхан болно. Хэцүү цаг тулгарсан бол бие биенээ гэлгүй яах вэ. Ингэхэд, ... охин чинь яасан эгдүүтэй юм бэ, замдаа уйлсан уу гайгүй юу хэмээн охиных нь дух нь дээр үнэрлэнгээ асуухад,
- Охин минь уйлаагүй ээ , намайг ойлгосон юм шиг их тайван хүүхэд гэж доголон нулимстай инээснээ, за чиний минь ажил төрөл сайн уу ойрд уулзалдсангүй
- Дажгүй сайн байгаа, бизнес маань их урагштай. Монголоос оюутнууд оруулж ирэхээр зуучилдаг байсан бол одоо эмнэлгийн чиглэлээр ч хүмүүс их ирдэг болж. Байнга бичиг цаасанд дараатай ч ажил төрөл маань бүтэмжтэй байгаа болохоор сэтгэл санаа аятайхан л байна. Ингэхэд миний найзыг наашаа ирснийг нөхөр чинь мэдэж байгаа юу ?
- Үгүй ээ, найз минь би хүүхдээ аваад тэр хүнээс зугтчихсан, одоо араас хайж байгаа байх. Тэр ямар аймаар хүн болохыг та нар мэдэхгүй байна. Мөрийтэй тоглоомд донтсон, архичин харгис хэрцгий хүн байсан юм билээ. Ажлынхаа эгчийг их сайн залуу гэж танилцуулахад би тэр бүгдийг мэдээгүй. Өнгөрсөн хэдэн сарын дотор их зүйлийг үзлээ найз нь. Хэд хэдэн удаа түүнээс зугтаах гэж оролдоод чадаагүй. Өнөөдөр ээжийг нь дэлгүүр явсан хойгуур гараад зугтчихсан. Тэгээд л өмссөн хувцастайгаа, нүцгэн шалдан хүүхдээ тэврээд чам дээр ирлээ. Намайг тэндээс зугтах юм бол хүүхэд хулгайлсан хэргээр цагдаад өгнө гэж сүрдүүлсэн. Одоо араас цагдаа нартай хамт хөөж байж ч магадгүй гэж хэлэнгээ үнэхээр айсан янзтай таксины арын цонхоор эргэн эргэн харж байв. Түүний энэ байдалд санаа зовсон Навчаа,
- За юу гэж энэ хол газар цагдаа дагуулаад хөөх вэ дээ, тэгээд ч ээж нь охиноо аваад явж байхад, юун хүүхдийн хулгай!, Эдний цагдаа нар арай ч ийм юмны араас явахгүй байлгүй дээ. Миний найз үнэхээр хэцүү байсан юм бол эртхэн бид нарт хэлэхгүй яасан юм бэ, хурим найр чинь сайхан болсон болохоор ийм юм болно гэж бодсонгүй, тэгээд ч чи утсаар ярих даа энэ талаар ерөөсөө дурсдаггүй байсан шүү дээ.

Найзыгаа боломжийн аятайхан амьдарч байгаа л гэж бодож байлаа хэмээн санаа зовсон өнгөөр хэлэхэд нь Солонгоо,
- Канг “ Солонгоогийн нөхрийн нэр” дүүрэгтээ танил тал ихтэй, бусдыг айлган сүрдүүлж дарамталдгаараа алдартай, Солонгосын кинонуудад гардаг шиг хүн дарамталж мөнгө салгадаг, ямар ч гэлээ дээ бас нэг бүлгийн гишүүн гэж надад хэлж байсан. Найз нар нь гэж бас өөртэй нь адилхан биеэрээ дүүрэн шивээстэй, заримынх нь нэг хуруунууд нь байхгүй сонин хүмүүс байдаг юм билээ. Цагдаа нарыг дарамталж байж ч мэднэ.
Би та нартаа энэ талаар ярих гэснээ нэгэнт л өөрөө ийм амьдралыг сонгосноос хойш бусдыгаа зовоогоод яах вэ гэж бодсон юм. Тэгээд ч хүүхдээ гарахаар өөр болох болов уу гэж бодож байлаа. Харин өнөөдөр үнэхээр тэвчээр алдсан. Намайг эхнэрээ гэж ерөөсөө боддоггүй, зүгээр л бараа таваар шиг үздэг. Бүүр сүүлдээ мөрийтэй тоглоом нь доо намайг барьцаа болгоод тавьчихсан байсныг өчигдөр л мэдлээ. Найздаа намайг зарах шахсан, үнэхээр санаанд багтамгүй. Одоо хурдхан Монгол руугаа буцахыг л хүсэж байна. Тэгээд л наашаа ирлээ гэхэд нь, Навчаа гайхаж ядсан байдалтайгаар түүн рүү хараад;
-Зарах аа, арай үгүй байлгүй дээ. Хүний наймааны талаар сонсож байсан ч арай ийм юм байдаг гэж бодсонгүй. Ямар зэвүүн амьтан бэ, төрөөд хэдхэн хонож байгаа эхнэрээ хэн нэгэнд барьцаа болгож өгнө гэдэг чинь адгуусанд ч баймгүй чанар биш үү . Хурдан холдсон нь дээр юм байна . Ашгүй чи минь яаж зугтаж гарав аа.

Өнөө орой Гэгээн, Байгаль хоёр манайд ирнэ гэсэн. Хэдүүлээ сайн ярилцъя. Ер нь болохгүй бол Монголруугаа хурдан буцсан нь дээр шүү найз минь. Яаж ингэж амьдардаг юм гэж хэлэх зуураа гэрийнхээ үүдэнд ирснийг сая л анзаарав.
Тэрээр таксины жолоочид замын хөлсөө өгөөд, тэд бууж Навчаагийн гэрлүү орцгоолоо.
Навчаа өчигдрийн авсан шинэхэн үхрийн махаар найздаа шөл хийж, мөн хэдхэн хоногийн өмнө садангийнх нь ах нутгаас ирэхдээ авчирч өгсөн хийцтэй цайгаар цай чанаж өгөв. Охиноо хөхүүлж тавьчихаад хөлсөө дуслуулан цай хоол идэх найзыгаа харан ийм хөөрхөн бүсгүйг ингэж ч явах гэж дээ хэмээн дотроо өрөвдөж суух зуураа Навчаа өөрийнхөө өнгөрсөн амьдралын дүр зургийг ч давхар харах шиг болоход сэтгэл нь эмтрээд ирэв.

Тэрээр яаравчлан босож Солонгоог тухтайхан хоол цайгаа идээд амарч байгаарай гэж хэлэнгээ, охинд нь живэх, өлгий давуу,алчуур, ариун цэврийн цаас гээд ойр зуурын зүйл авчирч өгөхөөр гэрээс гарлаа.
Гарч явах зуур нь утас дуугарч Байгаль, Гэгээн хоёр тэднийхрүү ирж яваагаа дуулгав.
Удалгүй найзууд Навчаагийнд цуглаж Солонгоогийн байдлыг ярилцан, яах ийх талаар шийдэцгээж байв. Гэтэл гадаа хаалга нүдэх чимээнээр цагдаагийн машин ирснийг , хоорондоо ярилцах хүмүүсийн дуунаар Солонгоогийн нөхөр Канг ирснийг сонсож мэдлээ. Навчаа;
- Хачин юм аа, манайхыг яаж мэддэг байна аа гэж Солонгоогоос гайхан асуухад, тэрээр бодолхийлснээ;
- Миний найз над руу долоо хоногийн өмнө охинтой болсонд баяр хүргэе, гээд илгээмж явуулсан шүү дээр, тэр нь дээр танай гэрийн хаяг байсан. Магадгүй тэрийг харсан байх. Түүнээс намайг энд ирснийг хэн ч мэдэх ёсгүй дээ. Танайхыг энд байдаг гэж Канг мэдэхгүй.

Бүсгүйчүүд бүгд Солонгоогийн өмнөөс сэтгэл түгшицгээж байв. Гэсэн ч тэд найзыгаа болж бүтэхгүй хар элгийн хүнд өгч явуулахгүй, хамгаалж авч үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байв.
Санаа зовж түшсэн байдалтайгаар Навчаа хаалга онгойлгож өгвөл, юу болов гэж сүрдмээр... дөрвөөс таван цагдаагийн ажилтантай, Канг гэх өндөр биеэрхүү цаанаа л нүдэнд хүйтэн харцтай залуу зогсож байв. Тэд учраа олохгүй гайхан эргэлзэж суугаа хүний нутгийн дөрвөн бүсгүй, өөдсийн чинээхэн охин дээр сүрийг үзүүлэн орж ирлээ. Канг хорсол зэвүүцэл тээсэн нүдээр Солонгоог ширвэж хараад охины унтаж буй орны зүг алхлаа. Түүний харц яг л өлөн бүргэдийнх гэлтэй догшин ширүүн харагдана.
Юу юугүй охиноо тэврэн үүдрүү чиглэсэн Кангийг цагдаа нар зогсоолоо.
- Гэрээс эд материал, мөнгө төгрөг алдагдсан гэж та бидэнд дуудлага өгсөн. Хүүхэд авч явна гэж ярилцаагүй . Тиймээс түр хүлээж байхгүй юу гэж түүнийг зогсоогоод, бүсгүйчүүдэд хандан бичиг баримтаа шалгуулахыг шаардлаа. Аз болж бүгд бичиг баримтаа бүрэн авч явж байсан тул асуудал гарсангүй.

Цагдаа нар Кангийн гэрээс үнэт зүйл, мөнгө төгрөг алга болсон тул түүний эхнэр Солонгоогийн араас ирж ийнхүү шалгалт хийж байгаагаа тайлбарлалаа. Мөн тэдний гэрийг нэгжих зөвшөөрөл үзүүлж нэгжлэг хийв. Юу ч олж, илрүүлж чадаагүй цагдаа нарт явахаас өөр зам байсангүй. Харин Канг Солонгоо руу хуруугаараа чичлэсэн ээ,
- Энэ хүүхэн миний хүүхдийг аваад зугтсан. Тиймээс би охиноо аваад явах болно гэхэд, түрүүнээс хойш бусад даа үүрэг өгч зогссон дэслэгч залуу Кангд хандан,
- Бид бичиг баримтыг нь шалгалаа. Энэ эмэгтэй хүүхдийн эх мөн байна. Тиймээс бидэнд болоод танд хүүхдийг эхээс нь салгаж авах эрх одоохондоо байхгүй. Тэгээд ч та бидэнд хүүхэд аваад зугтсан гэхээс илүү мөнгө төгрөг алга болсон хэмээн хүсэлт гаргасан . Тэгэхээр одоогоор таны энэ байдал чинь зүйд нийцэхгүй байна. Та хүүхдээ эхэд нь өгөөд эндээс гарна уу гэв. Канг энэ бүгдийг сонсоод өмнөө зогсоо намхан нуруутай , зөөлөн харцтай ч шийдэмгий зантай дэслэгч залуу руу “ за гайгүй чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ " гэсэн заналтай нүдээр ширвэж харснаа хүүхдийг орон дээр буцааж тавиад, Солонгоод хандан "чамтай би удахгүй тооцоо бодно оо" хэмээн сүрдүүлэх маягтай үг "чулуудаад " тэндээс гарч одлоо.

Дэслэгч залуу болон хамт ирсэн цагдаа нар тэднээс уучлалт гуйн, мөн Солонгоог хэлтэс дээр ирж уулзахыг сануулаад гарч явав. Бүсгүйчүүд сая л нэг санаа амрах шиг бүтэн амьсгаа авахтайгаа болов.
Гэгээн Солонгоо руу өрөвдсөн, санаа зовсон өнгөөр хараад ,
- Яана аа ямар аймаар юм бэ, бүүр санаа зовчихлоо. Солонгоо минь,... би танай нөхрийг чинь гайгүй хүн гэж бодож байсан. Эдний эрчүүд чинь хүүхэн шиг цаанаа л сул дорой л юмнууд харагддаг. Ийм нүдэнд хүйтэн, зэвүүн эрийг анх удаа л харж байна. Ер нь яах гэж Солонгос хүнтэй суусан юм бэ! ...Хэрэггүй дэмий шүү дээ гэж зөндөө л хэлсэн дээ гэхэд нь, Байгаль түүний үгийг тасалж,
- За, хүн болгон адилгүй шүү дээ, манай нөхөр лав амьдралын төлөө л гэсэн хүн байдаг. Хүнээ олж сууж чадаагүй болоод л тэр байхгүй юу даа. Одоо найз минь бушуухан нутагруугаа буцсан дээр. Юун цагдаа энэ тэр болоод явчихав аа... Эднийхэн нээрээ сонин шүү, энэ хүний үгээр тэр холоос энэ хүртэл ирж шалгаж л байдаг. Ямар азаар бичиг баримтаа биедээ авч явсан юм гэсэнд Навчаа,
- Харин тийм , гэхдээ зүгээр ч нэг шалгаагүй, хулгайд сэрдээд байгаа юм биш үү,...гэр орон бүүр самраад хаячихлаа. Ямар юмны мөнгө төгрөг яриад байгаа юм бол, хэмээн гайхсан өнгөөр хэлэхэд нь, одоо хүртэл айж түгшсэн байдал нь арилаагүй хүүхдээ тэврэн учраа олохгүй суугаа Солонгоо,
- Ямар юмных нь мөнгө төгрөг байх билээ дээ, мэдээж “эхнэр маань хүүхдээ аваад явчихлаа” гэвэл цагдаа нар хөдлөхгүй. Тэгэхээр худлаа л шалтаг зохиож хэлсэн байх. Худлаа хэлж явдал учруулвал хариуцлага хүлээлгэдэг л баймаар юм. Бусдыг сүрдүүлээд сурсан хүн тоодгүй юм байлгүй дээ. Ашгүй гайгүй хүн таарлаа, тэрнээс охиныг минь авах гэвэл, эсвэл намайг хамт аваад явна гэсэн болно яанаа, зөндөө их айлаа. Бас та нарыгаа ч зовоочихлоо уучлаарай гэсэнд , Навчаа
- Уучлал гуйх юу байх вэ, санаа зоволтгүй найз минь. Хүний нутагт бид чинь янз бүрийн л зүйлтэй тулгарч явлаа гэв. Байгаль , Гэгээн хоёр ч нялх биетэй Солонгоог дахин янз бүрийн зүйл асууж зовоохгүйн тулд ярианы сэдвээ өөрчилцгөөлөө.

Дундаа улаан дарс задлан тойрч суугаад зовлон жаргалаа дэлгэж суугаа эдгээр бүсгүйчүүд бол насаар бүгд ойролцоо бөгөөд гуч шүргэх насан дээрээ яваа.
Хамгийн баруун захад суугаа бусдыгаа бодвол нэлээн туранхай өндөр нуруутай, шаргал царайтай, давхраатай алга нүдтэй царайлаг хүүхнийг Байгаль гэнэ . Түрүүнээс хойш Солонгоогийн энэ байдалд сэтгэл түгшин суугаа тэрээр Солонгост ирээд бараг таван жил болж байгаа. Тиймээс найзуудаа бодвол хүний нутагт нэлээн удаж байгаа нэгэн.
Хичээлийнхээ хажуугаар Каннам дүүрэгт цагийн ажил хийж байгаад хамт ажилладаг залуутайгаа танилцан удалгүй гэр бүл болсон. Нэг хүүтэй. Хүүг нь Ку –Ёон гэх. Хүү нь цэцэрлэгт явдаг бөгөөд өөрөө сургуулиа төгсөөд ажилд оржээ. Хэдэн сарын өмнө нөхрийнхөө хамаатан садны дэмжлэгтэйгээр дүүргийнхээ гадаад иргэдийг дэмжих төвд мэргэжилтнээр орсон байна. Нөхөр нь өөрт таарсан боломжийн бизнес ч эрхэлж, амьдралдаа хангалттай хүрэлцэхүйц мөнгө төгрөг олдог болохоор амьдрал нь ерөнхийдөө төвшин амгалан байдаг байв. Тэгээд ч түүний сонгосон залуу бусдыг бодвол үг дуу цөөнтэй, төлөв даруу нэгэн байлаа. Өө хэлсэн хүнд өөрөөс нь нэлээн хэдэн насаар ах. Гэсэн ч царай төрөхөөр эхнэртэйгээ бараг л үе тэнгийн юм шиг харагдах овор багатай нэгэн. Гадаад хүмүүстэй суусан монгол бүсгүйчүүд тэр бүр аз жаргалтай амьдраад байдаггүй ч, хүнээ зөв сонгож чадсан цөөн тооны хэд нь хэнээс ч дутахгүй аз жаргалтай сайхан амьдрах нь бий. Тэдний нэг нь Байгаль гэж хэлж болох юм.

Тэрээр дуртай цагтаа Монгол руугаа ирж очин, ах дүү хамаатан садан, аав ээжийгээ байсхийгээд л авчирдаг байв. Хоёр ч дүүгээ нааш, цаашаа ирж очих визтэй болгож амьдралд нь тус дэм болсон байна. Сүүлийн үед ажил төрлөөсөө гадна Монгол доо байгаа бусдад туслах төрийн бус сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад гишүүнээр элсэж цаг зав, бололцоо боломжоороо үйл ажиллагаанд нь оролцох болжээ.

Харин Гэгээний хувьд бол огт өөр. Царай төрх сайтай. Хэний ч хайрыг татахаар энхрий ялдам бүсгүй атал амьдралын ханиа зөв сонгоогүйгээс алдаж онож яваа нэгэн. Монголд 6 настай охин нь бий. Түүнийг Хулан гэнэ. Хэдэн жилийн өмнөөс нөхөр нь архи дарсанд орж, авгай хүүхэн эргүүлэх болсон тул түүнээс салж, амьдралын хэцүү хатууг ганцаараа даван туулан хүүхдээ өөрөө өсгөх болжээ. Охиноо мөр бүтэн, гэдэс цатгалан олигтой сургууль соёлын мөр хөөлгөхийн тулд гадагшаа явж ажил хийхээс өөр сонголт байгаагүй мэт санагдаж хүний нутгийг зорьж ирсэн. Хэдийгээр дээд мэргэжилтэй уран зургийн чиглэлээр сургууль төгссөн ч хийж бүтээгээд авдаг цалин нь бага, үнэлгээ дүгнэлт доогуур болохоор хаанаа ч хүрдэггүй байв.

Анх Инчоны онгоцны буудал дээр хөл тавьсанаас хойш гурван жилийн нүүрийг үзжээ. Бяцхан охиноо ээж дээрээ орхиод ирэх хэчнээн хэцүү байсан ч өөр арга байсангүй. Салсан нөхөр нь архи дарс уудаг, ажил төрөл хийдэггүй хирнээ хэдий заваараа амжуулдаг юм гэмээр бас нэг хүүхэнтэй хамтран амьдрах болжээ. Тиймээс түүнд найдан хүүхдээ даатгаж орхих хэрэггүй байв.
Ажил хийж мөнгө төгрөг ахиухан олох зорилготой ирсэн тэрээр хэд хэдэн удаа "харлах" (харлах...визний хугацаа дуусан хүмүүсийг хэлнэ ) шахаж байв. Гэсэн ч үр хүүхэд дээрээ ирж очих, тэднийгээ авчирхад визтэй байх нь чухал мөн ирээдүйгээ бодсон ч гэсэн сургуулиа амжилттай төгссөн дээр гэж шийдээд “харлах “ гэсэн дэмий бодлоо гээсэн юм. Түрүү жил хэлний бэлтгэлээ бүрэн дуусгаад гоо сайхны чиглэлээр магистрт орж суралцжээ. Гэхдээ сурахынхаа хажуугаар ажиллаж тав арван төгрөг олдог болохоор ажил сургуулийг хослуулах нь хүндхэн байдаг байв.
Иймэрхүү байдалтай тус тусын замаар яваа, өөр өөрийн хувь тавилантай дөрвөн бүсгүй нэг дор цуглаад байгаа нь энэ.

Тэдний анх танилцсан түүх хүнд хэцүү үе таарсан ч, сонирхолтой бас хөгжилтэй байв. Одоогоос яг гурван жилийн өмнө бороо тасралтгүй шивэрсэн уйтгарт өдөр. Хувь тохиолоор ч юм уу, эсвэл боломж нь тэгж таарсан уу нэг өдөр , нэг үйлдвэрт цагийн ажил хамт хийж таарсан юм.

Тэр дөрвөн монгол бүсгүйгээс гадна тухайн өдөр тэр үйлдвэрт Вьетнам, Хятад ажилчид ч байлаа. Ажил ид дундаа орж байсан үд дундын алдад хаалганы ойролцоо хувцас индүүдэж зогссон хятад залуугийн "ШАЛГАЛТ ....ЗУГТААРАЙ " гэх дуунаар ажил хийж байсан бүх гадаадын иргэд ямар нэгэн зүйлээс цочсон мэт тэрхийн нисэх шувууд шиг л тал, тал тийш бутран гүйлдлээ. Монголчуудын хувьд тэр дөрөв л байв. Бүгд бичиг баримттай, визтэй байсан болохоор сандрахгүй байж болох ч аль, аль нь ажиллах эрх тухайн үед аваагүй байсан болохоор бусдыг даган зугтахаас өөр гарц байсангүй.

Тухайн үед бусад орны визтэй ч ажиллах эрхгүй хүмүүсийг тэр дундаа оюутан, гурван сарын түр оршин суух визтэй иргэдийг ажил хийж яваад баригдвал доод тал нь нэг сая воноор торгох, эсвэл шууд нутаг буцаадаг хуультай байв. Одоо ч энэ хууль мөрдөгдсөөр байгаа. Тиймээс тэд бусдын адил арга чарга хайн зугтсан нь тэр.

Үйлдвэрийн төв хаалга нь дээр шалгалтын хүмүүс ирсэн учраас бүгд эсрэг талын онгорхой цонхоор гарах санаатай гүйлдэж байв. Нэг давхрын цонхоор шахцалдан, сандралдан гарах тэдгээр хүмүүс тэндээс яаж үсэрч, урьд хойно орж гүйж явсан нь тухайн үед аймшигтай , хэцүү байсан ч дараа нь санахад хөгжилтэй, инээдтэй ч гэж хэлж болохоор байв.
Учир нь гүйж явах замдаа өрөөсөн шаахайгаа гээсэн хөл нүцгэн, бие биенээсээ өрсөж гарах гэж зууралдаж, зүтгэж байхдаа энгэрийнхээ товчоо хуу татуулсан энгэр задгай, зарим нь гар утсаа гээчихсэн гэх яарч сандарсан хэдэн хүмүүс зам дагуу такси барихаар гар өргөн зогсоцгоож байв.
Дөрвөн бүсгүй нэг таксинд хамт суулаа. Дараа дараагийн такси ирэхийг хүлээх боломж байгаагүй юм. Айж түгших, инээж хөхрөлдсөн тэд сая л нэг амьсгаа авах шиг.

Жолоочийн хажууд зэрэгцэн суусан бага зэрэг махлагдуу, нүүрэмгий байрын эмэгтэй өөрийгөө Навчаа гэж бусад даа танилцуулаад ,
- Хэдүүлээ шалгалтаас амжилттай зугтаж чадлаа. Гэхдээ ямар аймаар юм бэ, гэнэт яагаад шалгалт хүрээд ирэв ээ. Хэн нэгэн (Шингү) хийсэн юм болов уу. За ямар ч байсан зугтаж чадлаа. Үүнийгээ тэмдэглээд манайд очиж жаахан ярьж суух уу, би та нарт сайхан Монгол хоолоо хийж өгье. Хамтдаа ганц вино хувааж уун сэтгэл санаагаа тайвшруулцгаая гэхэд нь бүгд дуртай зөвшөөрч тэднийхрүү явцгаасан билээ. Ингэж л тэдний хүний нутагт зовлон жаргалаа хуваалцах нөхөрлөл анх эхэлсэн түүхтэй...

Үргэлжлэл бий...
Х.ДУЛАМСҮРЭН