08.01

”Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ОБЕГ-т 75 сая төгрөг хандивлав

"Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл"-ийн төлөөлөл ОБЕГ-ын удирдлагуудад гадаадын 12 улсад суугаа монголчуудаас цугласан 75 сая төгрөгийн мөнгөн болон биет тусламжийг  гардуулан өглөө.

Ой хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа юм.

Энэ удаагийн хандивын аянд Ирланд, Швед, Австрали, АНУ-ын баруун эрэг буюу Бэй Аэриагийн монголчууд нэгдэж, Монголчуудын Холбооноос төлөөлөн ирсэн хүмүүс тусламжийг хүлээлгэн өгөв. Уулзалтын үеэр Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийнхөн ОБЕГ-ын удирдлагуудтай санал солилцож, цаашид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай олон зүйл дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Одоогийн байдлаар хандиваар нийт 760 аж ахуйн нэгж, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас 780 гаруй сая төгрөг ОБЕГ-ын дансанд цуглаад байгаа аж.

Уг хандивын мөнгийг түймэрт ажилласан гал сөнөөгчдийг амрааж, сувилахад болон гал түймэртэй тэмцэх техник хэрэгслийг сайжруулах ажилд зарцуулахаар төлөвлөж байна гэж Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр хандив өгсөн нийт төлөөлөгч нарт хандан хэллээ.