Монголын сүү үйлдвэрлэгчдийн холбоо гэж төрийн бус байгууллага байдаг юм байна. Энэ холбооны тэргүүн О.Амарцэнгэл гээд залуу ярьж байна. Юу гэвэл, монголчууд хэрэгцээт сүүнийхээ 70 орчим хувийг гаднаас импортолдог гэнэ. Гэсэн хэрнээ үүний нөгөө талд бид хэрэгцээт сүүгээ дотооддоо хангах бүрэн боломж нь бас байж байдаг гэнэ. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар Сүү махны үндэсний аяныг эхлүүллээ. Дотоодынхоо сүүгээр эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах цаг удахгүй байх хэмээн ярив.
Гутлын жижиг үйлдвэрийн эзэн залуутай уулзлаа. Эх орныхоо ориг арьс ширээр гутал үйлдвэрлэдэг юм байна. Хийц загвар сайтай, эдэлгээ даахуйц шаахай өрөөстэй байна. Ихэнхдээ гар ажиллагаагаар хийдэг гэлээ. Дэлхийд бол гараар хийсэн ийм “hand made” бүтээгдэхүүн өндөр үнэ хүрдэг. Харин манайд эсрэгээрээ гэж байна. Эдний шаахайнууд харагдах өнгө, хийц чанар, материал түүхий эдийн ориг байдлаараа Италийн импортын гутлаас ялгагдах юм алга. Дээр нь үнэ хямд. Гэсэн хэрнээ борлуулалт хэцүү. Өвлийн үс ноостой гуталнууд л эзнээ амархан олдог аж. Яагаад гэвэл ийм төрлийн гутал импортоор орж ирдэггүй болохоороо тэр гэнэ. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Манай улс Хятадаас жилд зургаан сая гутал импортолж байгаа” хэмээн ярилцлагадаа дурджээ.
Монголд Хятадынх байтугай өөрсдийнхөө тарьж ургуулсан төмсийг шингээх газаргүй тэвдэж байхад урд хөршийн төмс зэрэгцээд зах зээл дээр “суудал хуваалцаад сууж” байх жишээний. Энэ мэтээс харахад импорт эдүгээ бидний аж амьдралын өнгө төрхийг илэрхийлж байгаа мэт. Нийт хэрэглээнийхээ 70 орчим хувийг гаднаас царайчилдаг. Импортын хэрэглээ ихтэй болохоор юань, долларын ханшийг өдөөж, үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлж суухгүй гээд яахав.
2017 он гарсаар буурч байсан доллар юанийн ханш сүүлийн нэг сарын дотор ахиад өсчихлөө. Энэ бол импортын хэрэгцээ нэмэгдэж байгаагийн сануулга. Өөрөөр хэлбэл бид чинь импортын дарангуйлалд орчихсон юм биш үү. Эх орны бус Эрээний эдийн засгийг идэвхжүүлэх хүчин зүйлийн нэг нь лавтайяа Монголын импорт байж таарна.