Энэ сарын 15-нд орон даяар эхлэх Улаанбурханы эсрэг вакцинжуулалтад 6 сартайгаас 5 насны бүх хүүхэд хамрагдах юм. Арав хоног үргэлжлэх энэхүү аянд өмнө нь хугацаандаа дархлаажуулалт хийлгэсэн хүүхдүүд ч заавал хамрагдах ёстой гэнэ.
Вакциныг өрхийн эмнэлгийн харьяа вакцинжуулалтын кабинетаар хийх бөгөөд цэцэрлэгийн хүүхдүүдийг цэцэрлэг дээр нь тарих аж. Вакцинжуулалтад хамрагдах 370 мянган хүүхэд байгаа гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын тусламжтайгаар бүх хүүхдэд хүрэлцэхээр вакциныг захиалан, авчирсан байна.
Уг вакцин 10 хүн тунгаар савлагдсан бөгөөд нэг сав вакциныг задалж, найруулснаас хойш 6 цагийн дотор тарьж дуусгах ёстой тул энэ хугацаа дуусахад үлдэгдлийг устгах аж. Иймээс аль болох хаягдал, хорогдолгүйгээр хүүхдүүддээ тарьж, цаашид өвчлөхөөс хамгаалахад анхаарах нь зүйтэй гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Гэхдээ хүүхдэдээ вакцин тариулахаас өмнө заавал эмчийн үзлэгт хамруулах хэрэгтэй. Тухайн хүүхэд вакцин тариулж болохгүй заалттай байвал зөвлөгөө өгч, шалтгаан нь арилсны дараа заавал нөхөн вакцинжуулах аж.