Ертөнцийн чимээг сонсох гэж би ирсэн, тэр чимээг сонссон..есөн гаригаас дэлхий илүү уянгалаг байсан
Оддын дууг сонсоод омогшиж чарламаар болсон, оосор бүчгүй бол нисэж хүрмээр, хүрээд даган дуурайж гялалзан гялтганамаар санагдсан
Орчлонгийн нүргээнд одод ойж, оддын цоорхойгоор тэнгэр нүцгэрч үзэгдсэн, нүцгэн тэнгэрийг нүүлгээд буцмаар болсон
Шувууд буцдаг тэр зүгрүү, шулуухан харваж одмоор санагдсан,...харвалаа гээд хаачих вэ дээ, хан тэнгэрийн доор хамаг бүхэн дэлгэрсэн
Цэцэгсийн чимээг бас сонссон тэд жингэнэж байлаа, жингэнэхдээ их тод цовоо дуугаар чиний, миний тухай ярилцаж харагдсан
Цэцгэс их зөөлхөн дуутай, тиймээс бүгдэд нь сонсогддоггүй байх, дуу болгон нь өнгөтэй дулаахан гэрлээр ялгарч байдаг
Борооны чимээ яг бодлын чимээ шиг сэтгэл дотор сонсогддог, тэд талсттай... талст нь тал тал тийшээ үсэрч, тасарч нийлж нэгдэж дуулддаг
Газрын чимээ гайхалтай яруу, гариг эрхсээс хамгийн хүчирхэг нь, уул нүргэлэх, ус давлагаалах мэт газрын гүнээс дотогшоо цутгаж сонсогддог
Гайхалтай нь дотроо л цуурайтсан, ганц ч модны үндэс хөдлөөгүй, хүчирхэг ч гэлээ хөрсөндөө дэндүү хайртай юм билээ
Усны дуу уярам тунгалаг, урсгалд нь живээд, гүнд нь үлдмээр уран тансаг хээнцэрхэн, загас шиг бүжиглэмээр, залгилж уугаад согтмоор..
Усны чимээ уянгалаг, ууж байгаад баахан жаргасан...
Улам л би чимээ болгонд дасан зохицож, уусан шингэж байгаагаа мэдсэн, дэндүү ихээр хайрлан ижилсэж, тэнгэрлэг хоолой нь надаар ч бас дамжих болсныг анзаарсан
Ертөнцийн чимээний үнэр, амт, өнгө өөрийн минь нүднээс, нүүрнээс, гараас гэрэлтэж , гэгэлзэж, дуулалдаж, хашхирч байгааг мэдэрсэн....
Би өөрөө тэр чимээний буй биеэрээ хэлтэрхий нь гэдгээ ойлгосон...би бол ертөнцийн чимээ...