05.07

Хүчиндүүлсэн 10 настай охинд аборт хийхээс татгалзав

Парагвай Улсын Эрүүл мэндийн яам хүчингийн хэргийн хохирогч болсон 10 настай охинд үр хөндөлт хийхийг хоригложээ. Тус байгууллагад үр хөндөлт хийхийг нь зөвшөөрөх хүсэлтийг хохирогч охины ээж тавьсан байна. Эрүүл мэндийн сайд Антонио Барриос өдгөө зургаан сартай жирэмсэн байгаа 10 настай охинтой эмч нар болон сэтгэл судлаач нар ажиллаж байгаа гэдгийг онцлов.

“Түүний эрүүл мэнд аюултай байдалд байгаа гэх ямар ч шинж тэмдэг үгүй юм. Бид үр хөндөлтийг хийлгэх бодолгүй байна” хэмээн түшмэл эр мэдэгджээ. Үр хөндөлтийг хийсэн ч энэ нь дэндүү том гэдэстэй болсон охины эрүүл мэндэд тун аюултай гэдгийг тэрбээр онцолсон аж.

Харин хүний эрхийн төлөө тэмцэгчид яамны гаргасан шийдвэр охины амь насыг хутганы ирэн дээр тавьж, хүнд тарчлалт адил ойлгогдож байна хэмээн мэдэгдэв.