УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд уригдан оролцлоо. Тус сургуульд 2200 сурагч суралцаж байгаагийн дийлэнх нь 16 дугаар хороонд харьяалагдах бөгөөд батлан хамгаалах салбарт ажиллагсдын үр хүүхдүүд голлон суралцдагаараа онцлогтой. Нээлтийн үеэр Ж.Батзандан гишүүн үг хэлэхдээ “53 дугаар сургууль бол Баянзүрх дүүргийн хамгийн том сургууль. 2018 оны намар өргөтгөл хийхээр төлөвлөж байгаа. Миний бие боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт болон нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг өсгөх, багш нарын цалинг нэмэгдүүлэх тал дээр хичээж ажиллах болно” хэмээн онцлон дурдлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ “53 дугаар сургууль энэ хичээлийн шинэ жилд найман бүлэгтээ 400 орчим хүүхэд шинээр элсүүлэн авч байна. Мөн ирэх хавар 200 гаруй ахлах ангийн сурагчдыг амьдралын их замд нь үдэх гэж байна. Энд хуран цуглаад буй хүүхэд багачууд та бүхэн бол Монгол орны ирээдүй. Тиймээс та нарын төлөө залбирч суугаа эмээ, өвөөгийнхөө болон энэ өдөр гараас тань хөтлөөд сургуульд нь хүргэж өгсөн ээж, аавынхаа хүслийг биелүүлэхийн төлөө хичээгээрэй” хэмээн захисан юм.







