09.01

“Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо


Есдүгээр сарын 1-ний энэ өдөр Монгол орон даяар хичээлийн шинэ жилийн нээлт болж байгаа билээ. Өнөөдөр дөнгөж сургуулийн босго алхаж байгаа зургаан настнуудаас эхлээд энэ жил сургуулиа төгсөх ахлах ангийнхан хүртэл бүгд хөл хөөртэйгөөр хичээлийн шинэ жилийнхээ нээлтэд оролцож байна. Тэгвэл олон улсын “Улаанбаатар Элит” сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр болж, эцэг эхчүүд болон сурагчид нээлтдээ оролцлоо. Морин хуурын аялгуугаар эхэлсэн хичээлийн шинэ жилийн нээлтэд сурагч, эцэг эхчүүд хуран цугларчээ.

 

 


“Улаанбаатар Элит” сургууль нь олон улсын гэх тодотголтойгоор үйл ажиллагаагаа явуулдаг учраас гадныхан ч нэлээд харагдаж байсныг дурдах юун. Сургуулийн нээлтэд дуучин Т.Бат-Оргил хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм. Тэрбээр тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Тодбөхийн аав учраас ийнхүү эцэг эхчүүдийг төлөөлөн мэндчилгээ дэвшүүллээ.

 

Мөн хичээлийн шинэ жилийн нээлтийн баярт “Улаан туг” бүжгийн хамтлаг ирж баяр дээр нь баяр нэмлээ. “Улаанбаатар Элит” сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж байгаа бяцхан сурагчдыг сургуулийнхаа сүлд дуугаар угтан авч, анхны хонхны жингэнэх дууг сонссны дараа анги ангид танилцах хичээл орсон юм.

 


Түүнчлэн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр 2016-2017 оны хичээлийн жилд Их Британи улсын үндэсний хөтөлбөр болох олон улсын Кембрижийн шалгалтад өндөр оноо авч амжилттай оролцсон сурагчдад сертификат гардуулсан юм. Улмаар 2016-2017 оны хичээлийн шинэ жилд сурлагын амжилтаар бусдыгаа манлайлсан сурагчдад сургуулийн нэрэмжит шагналаар шагналаа. Шагналыг сургуулийн захирал гардууллаа.

 

Хоёрдугаар ангийн шилдэг сурагчаар Э.Энхбаатар, гуравдугаар ангийн шилдэг сурагчаар Л.Марал-Үжин, дөрөвдүгээр шилдэг сурагчаар Б.Очир, тавдугаар ангийн шилдэг сурагчаар О.Ашид-Амар, зургаадугаар ангийн шилдэг сурагчаар Д.Тодбилэг, долоодугаар ангийн шилдэг сурагчаар Б.Хангэрэл, наймдугаар ангийн шилдэг сурагчаар М.Гарьд,  есдүгээр ангийн шилдэг сурагчаар А.Аседа, 10 дугаар ангийн шилдэг сурагчаар Б.Очирдарь, 12 дугаар ангийн шилдэг сурагчаар Ц.Наранзул шалгарлаа. Мөн спорт болон урлагийн авьяас чадвараараа бусдыгаа манлайлсан өсвөрийн шатрын аварга Л.Очирбат сургуулийн тэргүүний сурагчаар шалгарлаа.