Ахуйн газ үнэртсэний улмаас хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд “14 настай эрэгтэй хүүхэд татаж унаад, нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад тус дүүргийн 26-р хороонд суух, 15 настай эрэгтэй Ө нь ахуйн хэрэглээний газ үнэртэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн ахуйн хэрэглээний газыг хураан авчээ.
Мөн Баянзүрх дүүргийн 23-р хороо, “Улиастайн гахайн байрны замын хажууд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг өнгөрсөн ням гаригт авч шалгахад тус хороонд суух 13 настай эрэгтэй Ж нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж буй юм. Хэргийн газраас эд мөрийн баримтаар гялгар уут нэг ширхэг, ахуйн хэрэглээний газ нэгийг хураан авчээ.