05.08

Хазайлт өгсөн барилгыг хариуцах эзэн олдохгүй нь ээ

Хотын даргын хэлсэн үг хоосон сүржигнэл байсан бололтой Эрх мэдэлтэй дарга албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, аливаа зүйлийн ул суурийг харгалзан үзэлгүйгээр буруу шийдвэр гаргасны балгаар нийслэлийн Баянгол дүүргийн XIV хорооны 16 дугаар байрны 49 өрхийн 240 гаруй оршин суугч хоёр долоо хоногийн турш зочид буудалд амьдарч байна. Өнгөрсөн сарын 22-нд нийслэлийн онцгой комиссыг хотын даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа даргалан хуралдуулж, “16 дугаар байранд хазайлт өгсөн. Иргэдийн амь насанд аюул тулгарлаа. Нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаарлагатай” гэх шийдвэрийг гаргасан байдаг. Иргэдийг ч цаг алдалгүй тухайн бүс нутагт байрлах зургаан зочид буудалд хуваан байрлуулсан.

Мөнгөтэй, эрх мэдэлтэй даргын хамсаатан хаана ч хамаагүй хүссэн газраа барилга барьж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн боомилж, нийгмийг бүхэлд нь айдаст автуулж болдгийн тод жишээг “БИ ЖИ БИ ЖИ” компани харуулсан гэхэд хилсдэхгүй. Олон хүний амьдрал орвонгоороо эргэж, орох оронгүй боллоо гэж айдаст автах үед эрхэм хотын дарга хаана, юу хийж явсан бэ гэх асуулт гарч ирэх нь ойлгомжтой. Тухайн үед Э.Бат-Үүл дарга Япон улсад ажиллаж байсан гэнэ. Гаднын оронд томилолтоор ажиллаж байх үед зургаан орлогчийнх нь нэг болох Н.Батаа даргынхаа ажлыг түр орлон гүйцэтгэх үүргийг хүлээж авсан аж. Даргыгаа эзгүйд “том толгой” гарган Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эцсийн дүгнэлт гараагүй байхад гоомой шийдвэр гаргасны улмаас олон хүнийг сэтгэл санааны дарамтад оруулсан. Эзгүй хойгуур нь ийм шийдвэр гаргаж, иргэдийг айдаст автуулсан хэмээн эрхэм дарга Э.Бат-Үүл эх орондоо ирсэн даруйдаа буюу амралтын өдөр нийслэлийн удирдлагын зөвлөлийн шуурхай хуралдааныг зохион байгуулсан байдаг. Уг хурлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “16 дугаар байр нурахгүй. Нураах ч шаардлагагүй. Барилгын зүүн талд нүх ухсанаас хазайгаагүй” гэх дүгнэлтийг танилцуулж байсан юм. Энэ үеэр хотын дарга орлогч Н.Батаагаа “Мэргэж лийн байгууллагын дүг- нэлт эцэслэн гараагүй байхад иргэдийг айдаст автуулан дур мэдэн нүүлгэн шилжүүллээ. Иргэдэд буруу мэдээлэл өгч амгалан тайван байдлыг нь алдагдуулсан. Тиймээс ажлаа өг, хурлаас гар” хэмээн хөөж гаргасан байдаг. Эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрч, тэр ч бүү хэл өөрийг нь эзгүй байхад төсвийн мөнгийг дэмий зүйлд захиран зарцуулсан Н.Батаадаа уурлаж, хариуцлага тооцно гэх нь зүй ёсны асуудал.

Орлогчдоо ямар хариуцлага тооцсоныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Мэргэжлийн байгууллагын дүг нэлт гараагүй байхад иргэдэд буруу мэдээлэл өгч, нийслэлийн нөөц хөрөнгөөс их хэмжээний зардал гаргасан байна. Дур мэдэн шийдвэр гаргалаа гэж Э.Бат-Үүл дарга хэлсэн. Мөн хурлаас гар гэж загнаснаас бус ажлаас нь халаагүй” гэх хариултыг өгсөн юм. Уг нь Э.Бат- Үүл дарга орлогч Н.Батаадаа хариуцлага тооцно гэж хатуухан хэлж байв. Гэтэл хариуцлагын тогтолцоо ярьсан даргын үг хоосон сүржигнэл байсан гэдэг нь дээрх мэдээллээс тодорхой харагдаж байгаа юм. Оршин суугчид 10 хоногийн дараа байрандаа орно Хагас сарын турш иргэдийн буудалд байрлах болон хоолны мөнгийг нийслэлийн төсвөөс гаргасаар байна. Цаашид хэдэн хоног ч зочид буудалд байрлахыг хэн ч хэлж мэдэхгүй байгаа. Учир нь, тус барилгын хөрсийг бэхжүүлэх ажлыг өнгөрсөн лхагва гаригаас эхлүүлсэн. Энэ талаар 16 дугаар байрны СӨХ-ны дарга Н.Хорлоогоос тодруулахад, “Иргэд зочид буудалдаа байрлаж байгаа. Хөрсийг нь бэхжүүлэх ажлыг хийж эхэлсэн. “Буман-Од” гэдэг компани хариуцан ажиллаж байна. Оршин суугчид 10 хоногийн дараа байрандаа орох байх” гэлээ.

Аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхэнд нь заналхийлж эхэлсэн орон сууцыг орхисон иргэд хэд хоногийн турш зочид буудалд байрлахаас өөр сонголт байгаагүй. Байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг хийж оршин суугчдыг орон сууцанд нь оруулах боломжтой хэмээсэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан ч иргэд итгэл үнэмшил муутай байна. Уг байрны оршин суугч Б.Алтай хэлэхдээ “Нэг л өдөр бөөн сүр дуулиан болж бушуухан гар, байр чинь нурах нь гэсэн шүү дээ. Тэгээд ч энэ асуудлыг шийдэж өгөхийг удаа дараа хүссэн. Гэтэл хэн ч юу ч дугараагүй. Мэргэжлийн хяналтын дүгнэлт эсрэг тал руугаа хазайлт өгсөн гэж гарсан. Хотын дарга та байрны гадаа очоод хараарай. Бид амьд явах эрхтэй. Гэтэл бидний энэ эрхийг төр засаг, эрх мэдэлтнүүд боогдуулж байна. Учир нь, аюултай гээд сандаргаж орон гэрээс маань гаргачихаад одоо зүгээр гээд оруулах гэж байна. Бид очихгүй. За яахав, ухсан газраа янзлаад орууллаа гэхэд эрсдэл ахин гарахгүй гэх баталгаа хаана байгаа юм. Нэг л өдөр нураад унавал хэн хариуцлага хүлээх вэ. Бид шалгалтын дүнд итгээгүй. Нүдэн дээр илт байгаа зүйлийг гуйвуулах шаардлага байсан юм уу. Бид цаашид ч үгээ хэлэх болно” гэв. Н.Батаа даргын балагтай шийдвэрийн гайгаар иргэд дахиад 10 хоног зочид буудалд амьдрах нь. Гэхдээ энэ хугацаанд хөрсийг бэхжүүлэх ажлыг хийж амжих уу гэдэг бас л эргэлзээтэй. Манай улс түүхэндээ олон давхар орон сууцны хазайлтыг тэгшилж байсангүй. Хэрэв гэр байсан бол аргалж болохсон. Хөрсийг нь бэхжүүлсний дараа иргэд орон сууцанд амьдрахад ямар ч аюулгүй гэж албаныхан ам уралдан ярьж байгаа. Хазайлт өгсөн барилгад амгалан амьдарна гэвэл бас л хэцүү. Учир нь, иргэдийг гэртээ байхад нэг л өдөр байр нурчихвал ямар асуудал үүсэхийг бодох л хэрэгтэй. Олон хүний эрдэнэт амь нас, эд хөрөнгө хэдхэн минутын дотор үгүй болно гэсэн үг. Нэг талаас нь харахад холбогдох албаныхан “нүглийн нүдийг гурилаар хуурах” ажлыг л хийгээд байх шиг. Эцэст нь, “эрдэнэт хүний амь насыг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлж болохгүй” гэдгийг энд хатуу анхааруулж хэлмээр байна.

Зөвхөн нэг буудалд 8.8 сая төгрөгийн “санхүүжилт” хийгээд байна “БИ ЖИ БИ ЖИ” компани нь 16 дугаар байрны зүүн талын үерийн даланг дайруулан 4-5 метрийн гүн нүх ухсан байсан. Барилга барихаар ухсан нүх нь тус байрнаас мөн л тийм хэмжээний зайтай. Тухайн үед нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж нар “Би Жи Би Жи” компани эзэмшил газраа хэтрүүлэн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барьж, тус байрны хажуугийн үерийн даланг нурааснаас байрны даацын хавтанд суулт өгсөн” гэж мэдээлж байлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ч “Оросууд барилгыг анхнаасаа дөрвөн см налуу барьсан” гэсэн мэдээллийг өгсөн. 1981 онд орос ахан дүүсийн дэмжлэгээр барьсан чанартай, угсармал 12 давхар, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй барилгыг яагаад хазайлттай барив гэдэг нь хэн хүний анхаарлыг татах нь ойлгомжтой. 16 дугаар байрыг анхнаасаа хазайлттай барьсан гэж МХЕГ-ынхан үзэж байгаа бол нийслэл хотод сүндэрлэж буй Оросын тусламжтай барьсан бүх барилгад хяналт шалгалт хийх хэрэгтэй.

Учир нь, тус барилгуудын хазайлттай эсэхийг тогтоож, иргэдээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байх. Мэргэжлийн хяналтын ерөн- хий газраас гаргасан дүгнэлтээр бол “БИ ЖИ БИ ЖИ” компани энэ асуудалд ямар ч буруугүй болоод үлдэх нь. Уг нь барилга хазайсан гэх мэдээлэл гарч эхлэхэд тус компаниар нийслэлийн төсвөөс гаргасан бүх мөнгийг гаргуулна гэж байсан. Иргэдийн буудалд байрласан болон хоолны мөнгийг тэд одоо гаргах эсэх нь эргэлзээтэй. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тааз”, “Эрхэс”, “Стар”, “Намуун”, “ Мини 2.4.7”, “Ашид Эрдэнэ” зэрэг зочид буудалд 16 дугаар байрны оршин суугчид 16 хоног байрлаж байгаа. “Стар” зочид буудалд л гэхэд 11 өрөөнд долоон гэр бүлийн 26 хүн байрласан. Тус зочид буудлын нэг өрөө хоногийн 50 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхээр 16 хоногийн турш 11 өрөөнд байрлахад 8.8 сая төгрөг болж байх юм. Харин үлдсэн зочид буудлуудад иргэд хэдэн төгрөгөөр байрлаж байгааг тооцоолон үзвэл багагүй дүн гарах нь ойлгомжтой. Эдийн засаг хүндэрч байхад эрхэм даргын орлогчийн буруу шийдвэрээс болж иргэдийн хөлс хүчээ дуслуулан хөдөлмөрлөж олсон татварын мөнгө хэнд ч хэрэггүй болоод салхинд хийсч байна. Үүнд хариуцлага тооцох ёстой юу гэвэл, ёстой. Гэхдээ одоогоор хэнд хариуцлага тооцох нь тодорхойгүй, бүрхэг байна. Өнөөдрийн байдлаар хазгай барилга барьсан оросууд буруутай гээд хэнд ч хариуцлага тооцохгүй өнгөрч магадгүй нь бололтой.