05.08

Хууль наймаа биш шүү

Шуудхан хэлэхэд Сонгуулийн тухай хууль улстөрийн намууд хоорондын тохиролцоо, наймаа биш баймаар юм. Улстөрийн үзэл бодлын баруун зүүний магнайг эзэгнэсэн гэх улстөрийн хоёр том хүчин Сонгуулийн хууль дээр тохиролцоо хийлээ гэх мессэж хаа сайгүй тарж байгаа нь ийн бодоход хүргэнэ. Өнөөгийн энэ ийгэмд тархаад байгаа мессэжээс харвал 2012 оны сонгуулиар шинэчилж орсон хууль ч тохиролцоо наймаа байсан байж таарах нь. Өнөөх л шинэ хууль дагасан шат шатны сонгуульд хар машины тооллого энэ тэр бол өнөөдрийн эрх баригчдад тал зассан хэрэг байх нь.

       Уг нь өнгөрөгч сонгуулиар мөрдөж орсон хуулийг тухайн үедээ нэг шат ахисан, шинэ зүйл. Илүү боловсронгуй сайн хууль хэмээн амаа олохгүй магтаж байсан шүлс нь хатаагүй байна.  Гэтэл Сонгуулийн тухай хуульд тохиролцоо ёсоор өөрчлөлт орвол хуучин тогтолцоо буюу мажоритари тогтолцооноос зууны наян хувь нь хуульд буцаж байрших бололтой. Тэгэхээр бид буцаад ухарч байгаа хэрэг.

      Бид одоо мөрдөж байгаа 48:28 харьцаагаа ядахад 38:38 болгоод цааш явах ёстой. Гэтэл буцаж ухрах тухай ярьж сууна гэдэг байж боломгүй. Сонгуулийн хууль хэлэлцэх эсэх дээр далд маргаан жигдхэн асч байна, нэг их ил гаргахыг л хүсэхгүй байх шиг. Өнөөдрийн байдлаар сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар өмнөх хуульд тэргүүлэн гар бие оролцсон Р.Бурмаа сууж буй. Ажлын хэсгийн ахлагчийн ярьж байгаагаар бол ухарсан ухраагүй хоёрын дундуур шинэчлэл хийсэн болж харагдах гэсэн санааг цухалзуулна билээ. Цухалзуулах ч юу байхав. УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулдаг байснаа болих бололтой. Тус тусад нь явуулахдаа УИХ-ынхаа сонгуулийг 48:28-аараа, орон нутгийн сонгуулийг хуучин хэлбэр буюу мажоритари тогтолцоогоор явуулах тухай ярина л ээ.

     Өнөөгийн хийх гэж байгаа гол шинэчлэл бол ердөө л энэ. Эрх баригч намын хувьд ийн хуульд ёс төдий гар хүрсэн болж явуулах нь. Харин МАН-ын бүлэг хуучин тогтолцоо буюу 100 хувийн мажоритариар явуулах хүсэлтэй байгаагаа нуугаагүй. Тиймээс ард түмнээс санал асуулга явуулна гэх байр суурийг илэрхийлж байгаа. Энэ бол урьд өмнө байсан, бидний хэрэглэж асан тогтолцоо. Үүнд нэг муу тал нь сонгогчдын санал асар ихээр гээгддэг гэдгийг захын иргэн мэддэг болсон болохоор олон зүйл нуршаад яахав. Хамгийн гол нь өнөөгийн улстөрийн хүчнүүд сонгогч иргэдийхээ хүсэл саналыг нэгдүгээрт тавих учиртайг хаа хаанаа санах хэрэгтэй.

      Тэгэхээр улстөрийн гол хоёр хүчин ийм зарчмын зөрүүтэй байгаагаас харвал Сонгуулийн тухай хуулийг өөрчилнө гэхэд эргэлзээ төрж таарна. Эсвэл аль нэгэндээ буулт хийх шаардлагатай байх. Ямартай ч Сонгуулийн хууль наймаа биш гэдгийг сайтар санах хэрэгтэй.

Н.Дөл