09.11

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад хүний эрхийн сургалт явуулжээ

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороотой хамтран өнөөдөр "Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтад УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөх хамрагдсан бөгөөд тэдний хүний эрхийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх, хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хянан шалгах үйл ажиллагаанд хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бэхжүүлэх зорилготой байв.
Энэ удаагийн сургалтын сургагч багшаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, профессор, доктор Ж.Бямбадорж, гишүүн, профессор, доктор П.Оюунчимэг нар ажиллаж, "Үндсэн хууль дахь хүний эрхийн хамгаалалт болон Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал”, "Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилт ба хүний эрхийг хамгаалх олон улсын механизм”, "Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө” сэдвүүдээр хичээл заажээ.
Сургалтыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар нээж үг хэлэхдээ "Монголчууд эртнээс төрөө дээдэлж, төрийн сүлдэндээ залбирч ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Гэтэл ардчилсан гэх энэ нийгмийн амин сүнс нь, хамгийн дээд талд төр биш, хүн орших ёстой гэж тунхагладаг. Хүн бүхний тэргүүнд байх ёстой. Тиймээс хүний эрх, эрх чөлөөний асуудал нь амин чухал асуудал юм” хэмээн сургалтын ач холбогдлыг тодотгож байлаа.