05.08

Аюулгүй ажиллагчид шалгарлаа

“Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгжийн ХАБЭА-н талаар 2015 оны эхний улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг компанийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч болон ерөнхий мэргэжилтнүүд, ХАБЭА-н зөвлөлийн гишүүд дүгнэлээ.

Нэгдүгээр хэсгийг Баяжуулах фабрикийн хамт олон манлайлж 5 сая төгрөгийн шагналын эзэд болсон бол хоёрдугаар хэсгээс Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цех түрүүлж 2 сая, гуравдугаар хэсэгт Төмөр замын цех шалгарч 1 сая, дөрөвдүгээр хэсгийг Эрдэнэт сувилал цогцолбор хошуучилж 500 мянган төгрөгийн шагнал тус тус хүртэв.

Цех, нэгжээс гарсан саналыг хэлэлцэн “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтанд анхны удаа бичигдэх 27 ажилтныг шалгаруулан “Эрдэнэтийн овоо” ордын баялгийн дээж болох зэс бугуйвч, дуулганы наалт, хамгаалалтын нүдний шил, гэрчилгээ олгосон бол жагсаалтанд 2 дахь удаа бичигдсэн 14 ажилтан компанийн удирдлагатай зоог барьж “Зөв ажиллацгаая” сэдвээр ярилцлага өрнүүлэхээр болов. Компанид ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэх, ажилтнуудын идэвх санаачлагыг өрнүүлэх, осол гэмтлийг бууруулах зорилгоор “Аюулгүй ажиллагчид”-ыг ийнхүү 5 дахь жилдээ шалгаруулж байна.