Намрын анхны цас. Хөл дор хөглөрөх навчис уяхан, моддын мөчир дээр ширхэглэн буусан цав цагаан цас нэг л тогтуун. Тийм өглөө намрын адаг сартай айлчиллаа. Гэгээн тунгалаг өглөөний агаар тогтуун ч сэтгэл минь туяхан болоод уянгын утсыг хөглөж орхисон нь тэр нэг бодлыг өөрийн эрхгүй санагдуулах нь хачирхалтай.
Жил жилийн дөрвөн улирал давтагдашгүй. Хайр дурлалтай зүйрлэвэл их гоё. Энхрий ялдамхан ааш зангаараа зуны цэцэгстэй хамт бүжээд, бүжээд л баймаар. Яагаад ч юм зун хайрыг улам дэлгэрүүлдэг ид шидтэй. Гэхдээ салхи үе үехэн сэвэлзэж, гэзэг үсийг минь илж, сэтгэлд хайрын балыг улам амттай болгох нь хавар цагийн ааш юм уу. Тийм дээ ч хүн бүхэн хаврыг хайрын улирал гэдэг нь оносон биз.
Хүмүүс жилийн дөрвөн өнгийг өөр, өөрийнхөөрөө дүгнэдэг. Намар хайртай учирчихаад болзоод явах хамгийн сайхан цаг хугацаа. Өвөл хайрын утга учир, нандин үе гэж хэлэх байх. Гэвч цав цагаан цастай хамт хөл дор хийсэх шаргал навчис нам гүмхэн болдог тэр нэгэн өдөр өөрийн эрхгүй зүрх сэтгэлийг минь уянгын хөгжимд уусгах мэт болчихдог. Тэгээд л жил бүр намрын улирал ирэхийг хүлээхээс илүү сэтгэлд хурсан хайрын минь шархыг угаасан өвөлд хайртай байдаг. Бодлыг минь цагаанаар сүлж өгдөгт нь бас дуртай байдаг. Тиймээс жил жилээс онцгой байдаг намар цагтай ирсэн өвлийн анхны цасанд хүслээ нууцхан шивнэж үлдэхээр шийдсэн нь энэ.
Намрын анхны цас уусан, урсаж байна. Сэтгэлд хөндүүр, давчуун байсан бүх зүйлээ шивнээ шууд урсгах нь хамгийн зөв алхам гэж наран авхай алсуур хэлээд байгаа нь энэ цагаанхан цасны өнгөөс мэдрэгдэнэ. Юм бүхэн хувьсан өөрчлөгдөж, тэр хэрээр шинэ бүхэн учран золгодог гэхчлэн модны мөчирт дусал болон хөлдөх цасны ус ариун бүхнийг дуудаад ч байгаа мэт. Бас нэгэн гэгээн өглөө шинэ бүхийг авчрах нь тэр. Ер нь намраар орсон анхны цас байгаль дэлхийг угаахаас гадна сэтгэлийн толийг гялайтал арчаад өнгөрдгийг анзаардаггүй. Тийм мэдрэмжийг гэгээн өглөөтэй учруулах нь яагаад ч юм намар цагийн чимэг, бас соронз мэт.
Харин ариунхан, тунгалагхан, мэдрэмж хөглөх намрын уур хайрын дурсамжийг сэдрээж орхичихоод, одоо болохоор зүггүй чиглүүлдэг нь юуны учир вэ. Гэхдээ хөндүүрхэн бодлыг хөнддөг намар та тэр нэгэн өдрийн бодлыг минь зүгээр л сэтгэлээс угаагаад гарчихлаа. Тиймээс цаг цагийн аясаар ирсэн энэ л өдөр, энэ л байгалийн давтагдашгүй бүхэнд хүслээ уусан шингээх нь юунаас ч илүү үнэтэй санагдана.
Хүн бүхэнд хайрын дурсамж, анхны дурлалын бүтэлгүйтэл, сэтгэлээсээ хэзээ ч гаргадаг нандин зүйл бий. Гэхдээ тэр бүхнийг хэнд ч хэлдэггүй. Хэлэх гэсэн ч сэтгэлээ уудалдаггүй. Харин түүнийг ганцхан байгалийн давтагдашгүй цаг хугацаа сэдрээж чаддагтай хэн ч маргахгүй. Тийм олон хайрын дурсамжийг намрын цас сэдрээж, нандин бүхнийг нь сэтгэлээс нь гаргаж өгч байгаа нь лавтай. Ай нам цаг аа.
С.МӨНХБАЯСГАЛАН