10.02

Би чамд хайртай...


Би чамд хайртай 
Сэтгэл хөдлөхгүй байв 
Би чамд хайртай 
Сэтгэл догдлохгүй байв 

Хэлж байгаад нь ч 
Сонсож байгаад нь ч 
Хэлбэрдэх, ёсорхох 
Хэцүү бас хуурай байв 

Хувь тавилан л 
Энэ юм байлгүй 
Хуурахгүй, мэхлэхгүй 
Амлалт өгцгөөв 

Хурим эхлэж 
Хөгжим эгшиглэв 
Хундага тулгаж 
Зочид ерөөв 

Нойтон уруул 
Булбарай агаад 
Номхон зогсоод 
Чичирч байв 

Атгасан гар 
Чанга бөгөөд 
Алганы нь хөлс 
Чийхарч байв 

Шинэхэн гэргий 
Цэцгээ шидэв 
Шилтгээн дэх хүүхнүүд 
Шаагин тосов 

Шүүрсэн бүсгүйн 
Нүд гялтганан 
Шөнийн од шиг 
Гэрэлтэн байв 

Угтан гүйх 
Хижээл эр 
Ухаан жолоогүй 
Озон авав 

Дараагийн гэрлэлт 
Тэднийх болов 
Даруйхан товлож 
Урих л дутав 

Нас явж 
Цаг үлдсэнгүй 
Найдсан нэгэн ч 
Зорьж ирсэнгүй 

Гомдсон, тунисан 
Удаан хүлээсэн 
Горьдлого тэгж л 
Бүр тасарсан 

Зүрх булиглаж 
Сэтгэл дэнслэхгүй 
Зүгээр л хөндий 
Албархаг хүндлэл 

Олдсон амьдралаа 
Бодитоор дүгнэхэд 
Оногдсон зураг 
Ийм л байв 
Б.МӨНХ-ОРГИЛ 
2017.09.29-нд