Өмнөговь аймгийн Даланзадгад сумын наймдугаар багийн нутаг дахь Далангийн голд хүүхэд усанд живлээ гэсэн дуудлага тус аймгийн ОБГ-т иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн албан хаагч, нэг автомашинтай очсон ч охиныг аварч чадаагүй байна.
Талийгаач Б нь 12 настай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Эрдмийн гэгээ сургуулийн зургадугаар ангийн сурагч байжээ. Аврагч охины цогцсыг гарган авч, цагдаагийн болон эмнэлгийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор оюутан, сурагчдын хонхны баяр болох нь ихэсдэг.
Энэ үеэр амралт зугаалгаар явж байгаад архидан согтуурхаж үертэй усанд живэх мөн сэтгэл санааны байдлаас шалтгаалан амиа хорлох, татсан тамхиа унтрааж хаяагүйгээс гал түймэр гаргах зэрэг хэргүүд ихээхэн гардаг байна. Иймд оюутан, сурагчдыг тэмдэглэлт баярын өдрөөрөө амралт зугаалгаар явахдаа сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхаарууллаа.