Архангай аймагт энэ бямба гаригийн шөнө цаг агаарын онц аюултай үзэгдэл болж, цасан шуурга тавьж, хүчтэй салхилсны улмаас онц байдал зарлажээ. Цасан шуурганы улмаас Цагаан даваа хаагдаж, 20 гаруй машин цасанд боогдож аймгийн төвд тэр чигээрээ тог тасарчээ. Мөн сумдуудад цас их орсны улмаас бог мал болон төлийн хоргодол цөөнгүй гарч, зарим сумтай холбоо тасарчээ.
Ийнхүү Цагаан даваанд боогдсон хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийг өчигдөр өглөө онцгой байдлынхан замыг нь цэвэрлэн хэвийн явуулж эхэлсэн байна. Цасны хэмжээ 15-25 см зузаан байгаа аж.
Дашрамд дуулгахад, энэ сард баруун зүгийн нутгаар цасан болон шороон шуурга тавихыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж, сэрэмжлүүлж байна.