10.14

Гашуунсухайтаар хоногт 500 машин гарах квотыг Хятадын талаас тавьжээ


БНХАУ-ын талаас Гашуунсухайтын боомтоор Монголын талаас гарах нүүрс тээврийн машины тоонд  албан ёсоор квот тавьж эхэлж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Өмнө нь 2000 машин гардаг байсныг 500 хүртэл бууруулж квот тогтоохоо мэдэгдсэн байна.  Үүнийг хойд хятадууд хойд Солонгосоос нүүрс импортолж эхэлсэн, Австралид болсон далайн хар шуурга намжиж уурхайнууд нь хэвийн үйл ажиллагаа явуулах болсон зэрэг гадаад нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа ч манай улстөрийн нөхцөл байдал ихээхэн нөлөөлж байгаа гэж дотооддоо үзэж байгаа билээ.

Хятадууд шууд хориг тавиад эхэлнэ гэдэг сайны дохио биш, нүүрсний экспорт нэмэгдэхгүй байх сөрөг дохио гэж Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга  М.Мэндбаяр ярьжээ. Тиймээс заавал Гашуун сухайтын боомтоор коксжих нүүрсээ гаргана гэхгүйгээр Сүхбаатар, Дорнодтой хил залгаа Хятадын бүс нутагт эрчим хүчний нүүрсээ гаргах арга замыг эрэлхийлэх ёстой гэсэн байна. Мөн коксжих нүүрсээ Хятадын нутгаар дамжуулан Япон,Солонгос руу гаргах гэрээ  хэлэлцээрийг хийх арга замыг эрэлхийлэх ёстой гэсэн байна.

Өнгөрсөн долдугаар сараас хойш Гашуун сухайт боомт дээр түгжрэл үүсч, нүүрсний экспорт багассан. Үүнээс болоод “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортын төлөвлөгөө биелэхгүйд хүрсэн тухай тус компанийн гүйцэтгэх захирал Г.Ариунболд ярьжээ. Өнөөдөр  хоногт дунджаар 450 орчим тээврийн хэрэгсэл Гашуун сухайтын боомтоор нэвтэрч байгаагаас 250-300 орчим нь  “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг тээвэрлэж буй машинууд байгаа аж.

 Тиймээс  БНХАУ-ын Ганц модны боомтын үйл ажиллагааг жигдрэх хүртэл Дорноговь аймаг дахь Ханги хилийн боомт, Сайншандын төмөр замын өртөөгөөр дамжуулан нүүрсний тээвэрлэлт, экспортыг гүйцэтгэх хүсэлтийг Зам тээвэр хөгжлийн яаманд “Эрдэнэс Тавантолгой”-гоос хүргэсэн байна.

Г.Гариг
Эх сурвалж: Gereg.mn