Сэрээнэнгийн ГАЛСАН
(1931-2017)
Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын Гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич Сэрээнэнгийн Галсан 2017 оны 10 дугаар сарын 11-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлж, боловсролын салбарт хүнд гарз тохиолоо.
С.Галсан нь 1931 онд Говь-Алтай аймгийн Түмэн сумын нутаг Бухтын шанд гэдэг газар төржээ. С.Галсан 1949 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн хэл-түүхийн факультет, 1959 онд МУИС-ийн орос хэл, утга зохиолын ангийг улаан дипломтой дүүргэж, 1961 онд гадаадад аспирантурт суралцах улсын анхны шалгалтанд тэнцэж, 1964 онд аспирантур, 1970-1972 онд анхны таван докторантын нэгээр ЗХУ-д /хуучин нэрээр/ тус тус суралцан төгсч, дэд эрдэмтний болон докторын зэрэг амжилттай хамгаалан, 1981 онд профессор цол хүртжээ.
Тэрбээр УБИС, МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, проректор, 1979 онд Орос хэлний дээд сургуулийг байгуулахад хүчин зүтгэж, тус сургуулийн анхны ректороор таван жил, түүнчлэн Дээд ба Тусгай Дунд Боловсролын Улсын Хорооны дарга, Гадаад Хэлний Дээд Сургуулийн проректор, 1989 онд Польш Улсын Варшавын Их Сургуульд монгол хэлний багш, 1991 онд БНХАУ-ын Бээжингийн Их Сургуульд монгол хэлний багш, 1996 онд гадаад хэлний “Хэлсудлаач” дээд сургуулийг үүсгэн байгуулж тус сургуулийн захирал, мөн Улаанбаатар Дээд сургуулийн Их Сурхуйн хүрээлэнд профессор багшаар тус тус ажиллаж байжээ.
С.Галсан багш боловсрол, сурган хүмүүжүүлэх салбарт нийт 68 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, зэрэгцүүлсэн хэлшинжлэлийн салбарыг Монголын хэл шинжлэлд үндэслэн, энэ чиглэлээр олон арван ном бичиж, дотоод гадаадын олон эрдэмтэн судлаач, доктор бэлдсэн ба бүхий л амьдрал, сэтгэл зүрхээ боловсрол, хэл шинжлэлд зориулсан манай шилдэг сэхээтний нэг байсан юм.
С.Галсан багшлах ажил, эрдэм шинжилгээний бүтээл туурвих ажлуудаа тасралтгүй гүйцэтгэхийн хамт Монголын Орос Хэл, Уран Зохиолын Багш нарын Холбооны Ерөнхийлөгч, Монголын Шинжлэх Ухааны Нэгдсэн Академийн Ерөнхийлөгч, Ю.Цэдэнбалын Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албуудыг амжилттай хашиж байв.
Дэлхийн орос хэл, уран зохиолын багш нарын холбооноос дэлхийн хэл шинжлэлийн салбарт С.Галсан багшийн гаргасан их хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн 1979 онд А.С.Пушкины нэрэмжит Олон улсын анхны Алтан медалиар шагнасан юм.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр, засаг өндрөөр үнэлж ойн медалиуд,“Алтан гадас” одон, 2002 онд Монгол Улсын Гавьяат багш, 2008 онд Монгол Улсын Ардын багш цол, тэмдгээр тус тус шагнажээ.
С.Галсан багшийн хөдөлмөрч, уйгагүй, эгэл даруу, нөхөрсөг, тусч, шинийг эрэлхийлэгч зан, хэл шинжлэлийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН, Ш.РАДНААСЭД, БСШУС-ЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ, АКАДЕМИЧ Г.ЧУЛУУНБААТАР, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Т.ГАНЗОРИГ, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ