Өнгөрсөн долоо хоногт “Хөрс” худалдааны төвийн гадаа “Тоёота приус” маркийн машины тээшинд гадны нөлөөтэй өөд болсон эмэгтэй хүний цогцос хийсэн байсан этгээд цагдаагийнханд баригдсан билээ. Одоогоор сэжигтэн этгээдийг саатуулсан байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан Төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгчийг шалгаж эхэлжээ.
Тэрбээр урьдчилсан мэдүүлгээрээ хүний амь хөнөөж, цогцсыг нуун дарагдуулахаар машиныхаа ард хийж явсан гэдгээ хүлээжээ. Хохирогчийн хувьд Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай эмэгтэй Б гэгч бөгөөд гадны нөлөөтэй амь насаа алдаж, цогцос нь уг машины тээшинд байсныг илрүүлсэн юм.
Тухайн үед “Хөрс” худалдааны төвийн орчимд байсан эх сурвалж хэлэхдээ “Тэнд маш олон цагдаа ирсэн байсан. Юу болсныг сонирхон очиход тэнд нэлээд цус асгарсан харагдсан. Тэр эмэгтэй нас бараад тийм ч удаагүй байсан байх. Машин доор асгарсан цусыг хараад иргэн цагдаад дуудлага өгсөн” гэжээ. Хэрэгт сэжиглэгдсэн Г нь амиа алдсан эмэгтэйн нөхөр байсан бөгөөд тэд нэг хүүтэй гэх мэдээлэл байгаа юм.