Монгол Улсын Морин хуурын чуулгын “Сор бүтээлийн дээжис” хандивын тоглолт 2017 оны 10-р сарын 27, 28-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны концертын танхимд зохион байгуулагдах гэж байна. Уг тоглолтыг Морин хуурч, Удирдаач, Хөгжмийн зохиолч, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Д.Түвшинсайхан удирдах бөгөөд тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээлүүдийг дахин тайзнаа амилуулж хоёр үдшийн турш эгшиглүүлэх гэж байна.
Энэхүү тоглолтыг Морин хуурын чуулга нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Цэцээ Гүн" Ротаракт клуб болон "Thanks man" ТББ-тай хамтран 3 дах жилдээ зохион байгуулах гэж буй бөгөөд тоглолтын бүх орлого “Хүн Бүр Сурах Эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтэд хандивлагдах юм.
“Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөр нь "Цэцээ Гүн" ротаракт клубын үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн залуусын боловсролыг дэмжих зорилготойгоор хэрэгжүүлдэг төсөл ба уг тэтгэлэгт хөтөлбөр нь энэ жил 5 дах удаагаа зарлагдаж байгаа юм. Энэхүү төслийнхөө хүрээнд "Цэцээ Гүн" Ротаракт клуб нь өнгөрсөн хугацаанд нийт 27 оюутанд 40 гаруй сая төгрөгийн сургалтын тэтгэлгийг олгосон байна.
Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн нийгмийн идэвх зүтгэлтэй, сурлага амжилтаараа манлайлагч оюутнуудад бус хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад мөн чиглэгдэж буйгаараа онцлогтой аж.
Иймд та бүхнийг энэхүү хандивын тоглолтыг дэмжин, дэлхийд хосгүй морин хуурынхаа хөг эгшиг аялгуугаар сонороо мялаан, гэр бүл, найз нөхдийн хамт нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүлэхийг уриалж байна.
Уг тоглолтын тасалбар нь TICKET.mn сайт болон UB Art Gallery дахь LiliN Kungfu сургууль дээр 20.000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж эхлээд байгаа бөгөөд тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88114226, 99127821 дугаараас лавлах боломжтой юм байна.