Нийслэлийн хэмжээнд нийт 83 чиглэлд автобус иргэдэд үйлчилж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ 2015 оны 07-р сарын 24 -өөс эхлэн цахим картын хэрэглээнд бүрэн шилжсэн.
Цахим картыг нэвтэрч эхлүүлснээс хойш хуучнаар автобусны кондуктор гэгддэг байсан шалгагч нарыг орон тооны цомхтголд оруулж, тэдний ажил үүргийг жолооч нар давхар хариуцдаг байсан юм.
Хэдийгээр нийтийн тээврийн салбарт шинэ эргэлт хийж, цахим картыг хэрэглээнд нэвтрүүлсэн нь сайшаалтай ч картаа уншуулахын зэрэгцээ бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулж байсан нь тээврийн салбарын орлогыг бууруулах гол хүчин зүйлсийн нэг болсон юм.
Тухайлбал бэлэн мөнгөөр зорчиж буй иргэд уранхай мөнгө хийх, дутуу мөнгө хийх мөн хуурамчаар мөнгө хэвлүүлж канондсон мөнгөө хийх гэх мэт асуудлууд автобус баазуудыг алдагдалтай ажиллахад хүргэсэн юм.
Иймд Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгын хүрээнд 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нийслэлийн нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгсэл ашигладаг болгосон.
Гэсэн хэдий ч нийтийн тээврээр үнэгүй зорчих, бэлэн мөнгөөр зорчих, бусдын картыг дамжуулан хэрэглэх гэх мэт асуудлууд гарсаар байгаа юм.
Иймд энэ 9-р сараас эхлэн автобусны “Шалгагч” нарыг эргүүлэн татаж, тусгай мэргэшсэн баг бүрдүүлэн нийтийн тээврийн орлогыг нэмэх, үйлчилгээг сайжруулах гэх мэт ажил үүргийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.
Тус ажлыг City Bus Consulting ХХК хариуцан авч үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх бөгөөд одоогоор нийслэлийн хэмжээнд 63 чиглэлийн 645 автобусанд, 279 шалгагч нарыг ажиллуулж байгаа аж.
“Шалгагч нарыг 9-р сараас эхлэн ажиллуулж эхэлснээс хойш нийтийн тээврийн салбараар үйлчлүүлж буй зорчигчдын гаргасан зөрчил тооцооллоос хавьгүй их байсан. Иймд шалгагч нарын ажил үүрэг нийтийн тээврийн салбарт том нөлөө үзүүлнэ” хэмээн албаны хүн мэдээллээ.
А.Буянгэрэл