Ц.БАЯР
Төв аймгийн Заамар сумын малчид, оюутнууд Төмөстий багийн Өвөр Наймганы 15.541.08 га газрыг хууль бусаар “Эрдэнэсийн эрэг” компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар өнөөдөр /10.24 / аймгийнхаа төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн жагссан юм. Тэд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ц.Энхбат, засаг дарга Ж.Батжаргал нарт албан шаардлага хүргүүлэв. Уг шаардлагад 2017 оны долдугаар сарын 27-ны өдрийн XV-020880 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах. “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ болон “ Голд Харбор” компанийн үүсгэн байгуулсан “ Эрдэнэсийн эрэг” /РД6141536/ компанийг татан буулгаж Өвөр Наймганы 15541.08 га талбайг улсын тусгай хамгаалалтад авахуулах гэсэн гурван асуудлыг хөндөж тавьсан юм. Жагсагсад “Хязгаарлагдмал тендер нэрээр тусгай хэрэгцээний газарт лиценз олгож өгөхийг хүссэн Ц.Энхбат, Ж.Батжаргал нарыг АТГ шалгахыг шаардаж байна. “ Хууль бусаар авсан тусгай зөвшөөрлөө буцааж өг. Нэн даруй цуцлуул. Хуулийг уландаа гишгэсэн увайгүй үйлдлээ зогсоо” гэх зэрэг лоозон, тэдний зургийг барьж, цагаан хоолойгоор дарга нарыг албан өрөөнөөсөө гарч иртэл нь дуудаж шаардсан юм. Өглөөний 10.00 цагт эхэлсэн жагсаал үргэлжилж 11:30 цаг болж байхад хоёр дарга талбайд гарч ирсэн юм. Засаг дарга Ж.Батжаргал “Бид та бүгдийн шаардлага, хүсэлтийг хүлээн авлаа. Уг нь аймаг орон нутгаа бодож, ажлын байр нэмэгдүүлэх гэж ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн нь үнэн. Одоо цаашид хамтдаа энэ асуудлыг цэгцлэхийн төлөө явна ” гэв. Харин Ц.Батжаргал “Ашигт малтмалын хайгуул лицензтэй холбоотой асуудал шийдэгдэх нь удаан байдаг. Гэхдээ бид шийдэхийн төлөө явна” гэж хэлэв. Энэ үед жагсагсад эсэргүүцлээ улам ихээр илэрхийлж тэдний үгийг сонсоод бухимдаж байлаа.Зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Амгаланбаяр: Аймгийн хоёр даргыг АТГ-т шалгуулж шүүхэд өгнө
– Аймгийн удирдлагууд цуцлуулна гэж нэг ч удаа хэлсэнгүй. Учир нь өөрсдөө энэ газарт ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь тодорхой. Тиймээс ард иргэдийн тархийг угаах гэсэн тайлбарыг хийлээ.Шаардлагын хариуг нэн даруй авахыг шаардаж байна. Тиймээс аймгийн хоёр даргыг АТГ-т шалгуулна. Мөн шүүхэд өгнө.
Төмөстий багийн малчин, өндөр настан н. Баасандорж: Заамарчууд газар нутагтаагаа үлдэх эсэх нь энэ лецензээс шалтгаална
-Үеийн үед өвөг дээдсээс өвлөж ирсэн газар нутагтаа эзэн нь байцгаая. Эв эеийг сахиж харилцан ойлголцож хууль бус тусгай зөвшөөрлийг цуцлуулахын төлөө аймгаараа нэгдцгээе. Хэрэв бид өнөөдөр энэ газрыг авч үлдэж чадахгүй бол Заамарчууд хойч үедээ үлдээх газаргүй болж нутгаа орноосоо дайжиж энэ газар нутгаа үүрд алдах болно. Тиймээс үлдсэн жаахан газарт минь шунлын сэтгэл агуулж ухах гэж ирсэн хэнийг ч бид хөөж явуулах болно.
Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галбадрах: Иргэдийнхээ хүсэлтийн дагуу цуцлуулах хүсэлтээ өгөх хэрэгтэй
-Тус газарт тусгай зөвшөөрөл олгохгүй гэдэг саналыг багийн ИНХ, сумын ИТХ-аас тогтоол гаргаж тухайн үед аймгийн удирдлагууд болоод АМГТГ-т хүргүүлсэн. Гэвч аймаг АМГТГ-т бидний саналын дагуу хуулийн хугацаанд хариу өгөөгүйгээс тусгай зөвшөөрөл олгогдсон байсан. Малчид ард иргэд үүнийг эсэргүүцэж байгаа. Өнөөдөр сумаас малчдын 100 гаруй төлөөлөл, Улаанбаатараас 100 орчим оюутан нэгдэж жагслаа. Аймгийн удирдлагууд иргэдийнхээ хүсэлтийн дагуу цуцлуулах хүсэлтээ өгөх хэрэгтэй.
“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа: Хязгаарлагдмал тендер нэрээр хуул бус зөвшөөрөл олгож болохгүй
-Заамар сумын Төмөстий багийн нутагт хууль бус хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг эртнээс ажиглаж байлаа. Ашигт малтмалын тухай хуулийг судлаад үзэхээр хязгаарлагдмал тендерээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай заалт байхгүй. Сонгон шалгаруулалтын журамд ч ийм зүйл байхгүй байгаа. Хуулийн заалт байхгүй тохиолдолд журмаар зохицуулна гэж байж болохгүй. Тиймээс энэ бол илтэд хууль зөрчсөн асуудал гэж үзэх талтай.
Жагсагсад ИТХ-ын дарга Ц.Энхбат, засаг дарга Ж.Батжаргал нар хууль бус зөвшөөрлийг цуцлуулахын төлөө бидэнтэй нэгдэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлж тэдний зургийг шатаасан юм.
Эх сурвалж.www.polit.mn