02.23

“Хакухогийн дотоод хүч”

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 17-нд зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан. Эдгээр хүний дунд Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн цорын ганц хүн нь Хакухо М.Даваажаргал байсан билээ. Тэгвэл түүний сүмод зүтгэсэн 15 жилийн түүхийг М.Даваажаргалын багш Н.Кенши ном болгон бичсэн байна. “Хакухогийн ментал буюу дотоод хүч” номыг нь япон судлаач Д.Төмөрбаатар монгол хэлнээ хөрвүүлсэн аж. Хакухо М.Даваажаргал эх орондоо ирээд Хөдөлмөрийн баатар болсны дараа энэ номоо Монголынхоо уншигчдад дээжийг нь хүртээсэн юм. Хакухо номын нээлтийн үеэр “Аварга хүн ялагдах эрхгүй, ялагдвал зодог тайлдаг тийм л жамтай учраас сэтгэлзүйн хувьд маш хэцүү. Миний багш Найто Кэнши 15 жил надтай хамт байсан учраас миний үйл хөдлөл, яриа, зан чанарыг хамгийн их ажиглаж мэддэг хүнийхээ хувьд энэхүү номыг туурвисан. 2013 оны арванхоёрдугаар сард Японд хэвлүүлсэн номоо өнөөдөр монгол хэл дээрээ орчуулан ард түмэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Хөдөлмөрийн баатар цолыг минь номын ариун цагаан мөр дагаж байгаад бүр ч баярлалаа” гэсэн юм.