05.12

Г.Ундармаа: Жил бүр нэг эмнэлгийг “итгэлийн танхим”-тай болгоно

“Итгэлийн танхим” төрийн бус байгууллагын тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Г.Ундармаатай нийгмийн сайн сайханд чиглэсэн ажил болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Та уран бүтээлийн их ажлын хажуугаар нийгмийн сайн үйлсийн аян өрнүүлж “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагаа удирдаж байна. Сайн үйлсийн аян эхлүүлэх санаа яг юунаас төрсөн бэ?

-Хайртай дотны хүнээ эдгэнэ гэсэн итгэлээр эмнэлгийн хүлээлгийн танхимд хонон өнжиж буй иргэдэд сэтгэлийн дэм өгөхийг хүссэн. Эмнэлгийн хүлээлгийн өрөөг тохижуулах сайн үйлсийн аян өргөжин тэлсээр “Итгэлийн танхим” ТББ-ын хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэллээ. Анх Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн өрөөг засч, аавуудын өрөөг бий болгосон нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж, надад хэлсэн урмын үгсээс “Би чадах юм байна” гэсэн итгэлтэй болсон. Улмаар Яаралтай түргэн тусламжийн төвийн хүлээлгийн өрөө, эмч нарын амралтын өрөө, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээлгийн танхимыг тохижууллаа. Миний аливаад шүүмжлэлтэй ханддаг, “Үүнийг ингэж засвал яах бол” гэсэн сониуч зан сайн үйлсийн аян эхлүүлэхэд нөлөөлсөн.

-Жирийн нэгэн эмэгтэй энэ бүх ажлыг санаачлан гүйцэтгэхэд санхүүгийн асуудал тулгарах нь дамжиггүй. Та санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Ивээн тэтгэгчдийн дэмжлэггүй би эдгээр ажлыг гүйцэтгэж чадахгүй байсан. Монголчуудын зүрхэнд хэн нэгэнд туслах гэсэн хүсэл бий. Харин тэр хүслийн гэрлийг нь асаах хэрэгтэй. Урлагийн буян намайг сайн үйлсийн аянтай холбох гүүр болдог. Жүжигчин болсноор би энэ бүхнийг гүйцэтгэх хандивын мөнгө цуглуулж чадсан. Гэхдээ би хандивлагч компаниуддаа “Төдөн саяыг өгсөн гэж танай компанийн нэрийг дурдаж, сурталчлахгүй” гэсэн шаардлага тавьдаг. Тийм учраас монголчууд жүжигчин Г.Ундармаа ганцаараа энэ бүхнийг хийж байна гэж ойлгодог. Миний ард “Алтай” констракшин, “Анунгоо”, “MCS” зэрэг компани, хувь хүн бий. Би “Буян хурааж байна” гэсэн сэтгэлээр сайн үйлс хийдэггүй. Жил бүр нэг эмнэлгийг “Итгэлийн танхим”-тай болгоно гэсэн зорилго тавин, хичээж байна. Хандив цуглуулах аяны хүрээнд би байгууллагуудаар лекц уншиж байна. -Танай байгууллагын дараагийн төслийн талаар сонирхож болох уу? -Аав минь хорт хавдраар нас барсан. Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал, өвчтөн тэдний ар гэрийн сэтгэлийн зовнилыг би биеэр туулсан учраас энэ эмнэлгийн хүлээлгийн өрөөг тохижуулах гэж байна. Энэ удаагийн төслөө сахиуруудад зориулж хэрэгжүүлнэ.

-Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Монгол Улсын Гавьяат жүжигчин И.Одончимэг та хоёрыг хүлээн авч уулзсан. Цаашид эмэгтэй гишүүдтэй хамтарч ажиллах уу?

-Эмэгтэй гишүүд уулзалтынхаа үеэр “Туслуулах, дэмжүүлэх хэрэг гарвал хэлээрэй” гэсэн. Одоохондоо айхавтар туслалцаа хэрэггүй байна. Бас улстөржчих болов уу гэж айх юм.

-Та “U Film”-ээ байгуулаад хоёр ч кино бүтээлээ. Уран бүтээлийн талаар ярилцъя. Шинэ киноны ажилдаа хэзээ орох вэ?

-Манайхан шинэ уран бүтээлийн ажилдаа хэдийнэ орсон. “Single Ladies” уран сайхны киноныхоо хоёрдугаар ангийг хийх гэж байна. Энэ кино үзэгчдэд хүрсэн уран бүтээл болжээ гэж боддог. Ганц бие бүсгүйчүүд надтай уулзаж, амьдралд тохиолдсон зүйлсээ ний нуугүй ярьдаг болсон. Тэдний амьдралд өрнөдөг баяр, гунигийг кинондоо эн тэнцүү харуулна. Киноны зураг авалт ирэх сарын 1-нд эхлэх ба Өмнөд Солонгосын оператор Жан Ю Кингийг урьж ажиллуулж байна. -“Single Ladies 2” кино Өмнөд Солонгосын зах зээлд өрсөлдөх нь ээ. Жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу? -Одоохондоо гадаад зах зээлд өрсөлдөх талаар бодоогүй. Чанартай уран бүтээл гаргахаар хичээж байна. Жүжигчдийн бүрэлдэхүүн хэвээрээ байна. Кинонд 20, 30, 40 насны ганц бие эмэгтэйчүүд заяаны ханиа хайж буйг хөгжилтэйгөөр өгүүлнэ. Мөн эмэгтэйчүүдийн тухай кино учраас дэгжин загварлаг хувцаслалттай байх ёстой. Иймээс бид 2015 оны трэнд хувцсыг Монголын загвар зохион бүтээгчдээрээ урлуулж байна. “U Film”-ийн хамт олон цаашид эмэгтэй хүний дотоод ертөнц, үзэл бодлыг нээн харуулсан уран сайхны кино бүтээж байх болно.

 -Та “Шинэ үе” продакшинд олон жил ажилласан. Тайзны бүтээлүүдээ үгүйлдэг үү?

-Би “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулсан цагаас нь эхлээд 2013 оныг хүртэл ажилласан. Одоохондоо дэлгэцийн бүтээлд анхаарал хандуулаад тайзны жүжгээ түр завсарлаад байна. Гэхдээ хоёр ч жүжгийн санаа бий шүү.

-Таныг “Шинэ үе”- ийг орхисны дараа энэ продакшныг тойрсон олон асуудал өрнөлөө. Одоо хуучин хамт олонтойгоо холбоотой байдаг уу?

-Утсаар хааяа ярьдаг. Т.Билгүүн, Амбий ах нарынхаа үхэлтэй би одоо ч эвлэрч чаддаггүй. Т.Билгүүн маань “Single Ladies” кинонд маш чухал дүрийг бүтээсэн. Авьяаслаг, сэтгэл сайтай залуу байсан.

Х.Эрдэнэзаяа