11.04

“Цахиурын хөндий”-н хатагтай

Америкийн тэрбумтан эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь 31 настай Элизабет Холмс юм. “Цахиурын хөндий”-н энэ хатагтайн тухай та хэр ихийг мэдэх вэ. Хэвлэлийнхэн түүнийг “Банзалтай Стив Жобс” гэдэг юм. Элизабет Холмсын нэр саяхан 2015 оны хамгийн алдартай эмэгтэйчүүдийн жагсаалтын эхний аравт орж иржээ. Голдуу дуучин, жүжигчин, тамирчин гээд алдартай хүүхнүүдийн дунд олонд танил болоогүй бизнес бүсгүй орж ирсэн нь хүмүүсийн анхаарлыг эрхгүй татаж эхэлсэн байна. 

Түүний бизнесийн талбар биотехнологи 

Эмийн үйлдвэрлэлийн “Theranos” компанийг үүсгэн байгуулагч, хамтран эзэмшигч Элизабет Холмсын хөрөнгө чинээ 4,6 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Эрхэлж буй бизнесийнх нь үнэлгээг 9,0 тэрбумаар тогтоосон байдаг. Түүний “Theranos” компани хүний эрүүл мэндийг тодорхойлох цусны шинжилгээг хамгийн хямд төсөр, өвдөлтгүй, хамгийн их мэдээлэл авч болохоор хийх аргыг боловсруулахад арваад жилийнхээ хөдөлмөрийг зарцуулж буй юм.  Өвчтөний ердөө ганцхан дусал цусаар 30 төрлийн шинжилгээг хийж, асар их хэмжээний мэдээллийг авч болох шинэ аргыг гаргаж авах ажлаа тэд олон жилийн турш чанд нууцлан явуулж иржээ. Харин өнгөрсөн жил “Theranos”-ын шинэ нээлтийн тухай мэдээлэл анагаахын салбарт жинхэнэ шуугиан тарьж чадсан. Энэ хүртэл Элизабет Холмс олны анхаарлаас хол байлаа. Харин 2014 оны аравдугаар сард “Форбс”-ын гаргадаг алдартнуудын жагсаалтад нэр нь орж ирснээр түүний хувийн амьдрал ч бусдын сонирхлыг татаж эхэлсэн. 

Жирийн айлын охин

Элизабет Холмс 1984 оны хоёрдугаар сарын 3-нд Вашингтонд төржээ. Түүний аав ээж Аврах алба болон АНУ-ын Конгресст ажилладаг байж. Аавынх нь ажлаас шалтгаалаад Элизабетын өсөх нас Хятадад өнгөрчээ. Охин тэнд байхдаа хятад хэл сурсан гэнэ. Холмсын гэр бүл Америкт буцаж ирж Элизабет Стенфордын их сургуулийн химийн факультетын оюутан болсон ч ирээдүйн  “ Theranos”-ыг үндэслэгч маань 19 настайдаа эрдмийн уурхай болсон их сургуулиа хаяж хувийн бизнес эрхлэхээр шийджээ. Тэрбээр “Энэ хорвоод юу хийж бүтээх гэж ирснээ ойлгож мэдрэх яг тэр үед та хэрэгтэй гэж үзсэн зүйлээ аяндаа хийж эхэлнэ” хэмээн Элизабет хэлдэг. 

Бүгдийг өөрөө бүтээсэн

Ээж аав нь охиноо коллежид сургахаар хуримтлуулсан мөнгийг  бизнесээ эхлэх гарааны хөрөнгө болгон өгчээ. Гэр бүлийнхээ энэ багахан тусламжийг эс тооцвол Холмс бүгдийг өөрөө хийж бүтээсэн. Түрээсийн лабораторитоо судалгааны ажлаа явуулж, хөрөнгө оруулагч хайж нэг үгээр тэр унтах завгүй хөдөлмөрлөсөн. Цусны шинжилгээний шинэ аргын эрэлд гарсан бүсгүй амархан ашиг олох зорилгоор хамтрах хөрөнгө оруулагчаас татгалзаж байв. Түүний хийж буй ажил нэг хоёр жилийн дотор үр дүн нь гарчих үйлдвэрлэл биш гэдгийг ойлгуулах хэцүү. Голдуу л оруулсан хөрөнгөө богино хугацаанд өсгөх хүсэлтэй хүн л таарч байсан гэдэг. Тиймээс судалгааны ажлыг нь дэмжиж туслах хүн олох амаргүй зүйлийн нэг байжээ. Тэгээд ч хэдийгээр цусны шинжилгээ цоо шинэ зүйл биш. Хүмүүс өдөрт хэдэн зуугаараа энэ шинжилгээг өгдөг. Захын эмнэлэгт ийм шинжилгээ авдаг. Гэхдээ хамгийн гол нь чанар. 

Эхний үр дүн гарав

“Theranos” компани 2003 онд байгуулагдсан. Байгуулснаасаа хойш хэдэн жилйин турш Элизабет гар хумхилгүй ажиллажээ. Түүний ээжийн ярьснаар Элизабет заримдаа хэдэн долоо хоногоор лабораториосоо гарахгүй, гэртээ бол ажлын ширээнээсээ ч босолгүй сууж ажилладаг байж. “Theranos”-ын судалгааны ажлын үр дүнгийн тухай анхны мэдээлэл 2013 онд олны сонорт хүрчээ. Тус компани Америкийн эмийн худалдааны хамгийн  том сүлжээ “Walgreens”-тай хамтрахаар болсноо мэдэгдсэнээр бизнесийн салбарт нэр нь гарч ирсэн байна. Энэ хамтын ажиллагааны дүнд одоо Америкийн эмийн сангуудын алинд ч ороод цусны шинжилгээгээ өгч болох бөгөөд хариу нь хэдхэн цагийн дотор бэлэн болно. Чухам энэ үеэс буюу 2013 оноос Элизабет Холмсын тухай “Fortune”,”Forbes”, “The New Yorker” зэрэг хэвлэлийн салбарын томчууд тоож бичиж эхэлсэн гэдэг. 

Түүнийг бүгд хүндэлдэг

“Theranos” компанийн захирлуудын зөвлөлд АНУ-ын Төрийн нарийн бичгээр ажиллаж байсан хоёр ч эрхэм багтдаг. Хенри Киссинжер, Жорж Шульц нарт тоогдсон гэхээр Холмс амаргүй “амьтан” байгаа биз хэмээн мэргэжил нэгтнүүд нь ярьдаг.  Эмийн салбарынхан, биотехнологич нарын хувьд Элизабет Холмсын энэ гайхалтай амжилтыг авьяаслаг бизнесмэн гэхээсээ илүү чадалтай эрдэмтэн судлаачийнх нь уйгагүй хөдөлмөрийн үр дүн хэмээн үнэлдэг. Тэдэнд Холмсын хийж бүтээхийг зорьж буй зүйлийн эцсийн үр дүн илүү сонин. Түүнээс олж буй ашиг орлого нь сонин биш. 

Тэр Жобстой үнэхээр адилхан

Элизабет ажлын өрөөнийхөө хананд Стиб Жобсын намтарыг хэвлээд хадчихсан байдаг гэнэ. Тэгээд ч Холмсын зарим нэг төрх “Apple” компанийг үндэслэгчтэй нэлээд төстэй. Бараан голдуу өнгийн энгийн даруухан хувцас өмсдөг. Хамгийн дуртай гоёл нь хар өнгийн намхан улт. Бас Элизабет дээд сургуулиа дүүргэлгүй дундаас нь хаяснаараа ч Жобстой адилхан. 

Жижигхэн сул тал нь том амжилтын эхийг тавьжээ

Холмс хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа шинэ технологийн эрэлд гарч ийм амжилтад хүрэх хамгийн анхны сэдэл тариурын зүүнээс айдаг байсантай нь холбоотой гэжээ. Тэрбээр тариураас үхтэлээ айдаг учраас цусны шинжилгээ өгнө гэдэг түүний хувьд  жинхэнэ тамлал байсан аж. Энэ айдсыг давж гарах гэхээсээ илүү үүнийг яаж айдасгүйгээр хийж болох вэ гэж бодох болсноос л бүх зүйл эхэлжээ. Тэгээд ч Элизабет эмч өвөө, аврагч аавын охин учраас өөрйигөө ч мөн ямар нэг хэмжээгээр аврагчаар төсөөлдөг. Тийм болохоор өөртэйгөө адилхан тариурын зүүнээс үнхэлцгээ хагартал айдаг сул талтай хүмүүсийг аврахаар зориглосон нь эцэстээ түүнийг дэлхийд алдар нь түгсэн  тэрбумтан болгожээ.