...Цагаан өнгөөр нэвсийтэл нь хучдаг их цас танай хотод алга. Чиний инээд алдан алгаа дэлгэдэг, дэлгэсэн алгаа дээш өргөсөөр удаанаар нүдээ анин зогсдог тэр цас л ирээгүй байна. Будраад л ордог, буцах замыг минь олохгүй болтол нь "буддаг" өвлийн цас чамайг хэнээс сураглах вэ, одоо. Түүний минь "эрх чөлөө" болсон цасыг юунаас асуух вэ. Дарсаар л байдаг, дээр дээрээсээ ойчоод л байдаг өвлийн гоёл юмсан, тэр цас.
Унаад л, улам улам ороод л байдаг өвлийн цас чамгүй болохоор үгүйлэх шиг, санах шиг болно. Түүндээ зорин очих миний мөр цастай байхад тодоос тод, тэртээ гудамжны өнцгөөс ч зурайж харагддаг. Их цасгүй болохоор нэг л тиймхэн. Огт чамдаа очоогүй ч юм шиг, очоод чамтайгаа уулзаагүй ч юм шиг болно. Гэр чинь эзгүй байж таарсан ч юм шиг, чи надад жаахан жаахнаар тунисан ч юм шиг. Нэг л итгэлгүй, би.
Цас орохоор, их цас унаад л ирэхээр, илүү хүйтэн болохоор, хүмүүс зуныг санагалзах тусам чи улам жавхаалаг болдог. "Цасны охин" л гэж зохиол бичмээр, чи үргэлж амьдралын минь "гол дүр" гэдгийг тэнд илүү гүн гүнзгий шингээн өгүүлмээр. Төрсөн өдөр чинь өвөл тохиодог гэдгийг санаад тийм дээ гэж итгэмээр. Ингэж бодоод, дээшээ хармаар байна. Тэнгэрээс унаж буй цас л нүүрийг минь илбэнэ, энэ үед.
Цонхны чинь чанх дор, гэрийн чинь гадаа, орцны нь бараг л хажууд, чамтай уулздаг тэр залуу сайхан модны ойролцоо цасанд даруулсаар буурал "өвгөн" цаг хугацааг тамхи шиг "татан" зогсож байна. Сэтгэлд минь цас үртэс шиг том томоор бутарч, улам ихээр орох шинжтэй. Чамайг гэртээ хэзээ ирэхийг би энд хүлээсээр л...
Эх сурвалж: http://bayartogtokh.blogspot.com/2014/12/blog-post_18.html