11.08

Н.Төгсцогтын өрсөлдөгч солигджээ

Мэргэжлийн бокст хүч үзэж, чамгүй амжилт гаргаж яваа МУГТ Н.Төгсцогтын ес дэх тулаан энэ сарын 18-нд хийгдэхээр тов гараад байсан. Гэвч түүний өрсөлдөгч боксчин Хавьер Аугустин Мартинес өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй шалтгаанаар Н.Төгсцогттой тулалдах боломжгүй хэмээн мэдүүлсэн байна. Тиймээс Мартинесын харьяалагддаг "Mayweather Promotions"-ийнхон Н.Төгсцогттой тулалдуулахаар Филиппиний тамирчин Хармонито Дела Торрег сонгожээ. Энэ жил 23 настай "Алх" хочит Филиппин эр нийт 19 тулаан хийхдээ бүгдэд нь ялсан бөгөөд 12-ыг нь хүнд цохилтоор дуусгаж байжээ. Тэрбээр 2014 онд World Boxing Federation холбооны дэлхийн аварга болж байсан аж. Ийнхүү чангахан учраануудын тулаан АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хот дахь "Cosmopolitan" цогцолборт болох юм байна.