Домогт жүжигчин Сильвестр Сталлоне түүний охид орь ганцаараа хөгширнө гэхээс айхгүй байгаа гэнэ. Харин ч эсрэгээрээ аж. “Дийлдэшгүй” киноны од жүжигчин чухам үүнийг л хүсчээ. Саяхан тэрбээр өөрийн 18 настай София, 16 настай Систин, 13 настай Скарлет охидод 40 нас хүртлээ болзоонд явахыг нь хориглосон байна.
“Хоёр жилийн өмнө том охин маань гэртээ нэг бандийг дагуулаад ирэхэд би их цочирдсон шүү. Тэгэхэд би охиддоо 40 нас хүртлээ болзоонд явахыг нь хориглосон. Би зөөлөн аав байхыг хүсэхгүй. Нэг өдөр Софиягийн найз банди манайх руу утасдаад “София хаана байна?” гэж асуусан. Би түүнд “Тэр Египтэд байгаа. Тэндээ үлдэнэ” гэж хэлсэн. Тэгэхэд гэрийнхэн маань надад их уурлаж билээ” хэмээн Сильвестр ярьжээ.
Хориглосон ч гэлээ охид нь түүний үгийг үл ойшоосон гэдгийг жүжигчин эр хүлээн зөвшөөрөв. Арга буюу тэрбээр Софиягийн найз залуутай танилцсан гэнэ. “Бид хоёр уулзсан. Тэр 18 настай байлаа. Бид гараа барьсны дараа би түүнд “Үгүй ээ, залуу минь. Чиний атгалт нэг л биш байна” гэж хэлсэн юм” хэмээн Сталлоне дурсав.