11.16

“Гоёл” наадам 30 дахь жилдээ зохион байгуулагдана

Загвар зохион бүтээгчдийн ур ухаан, сэтгэл зүтгэл шингэсэн бүтээл, түүнийг олон нийтэд танилцуулах загвар өмсөгчийг алдаршуулах зорилго бүхий  “Гоёл” наадам 30 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.  Бахархал дүүрэн, хөгжил шинэчлэлд тэмүүлсэн  "Гоёл" наадмын 30 дахь баяр, Гоёл 2018 наадам энэ сарын 29-нд болно. Анх Үйлдвэр, загварын товчоодын шинэ загварыг Урлал гоо зүйн улсын комисс баталж үнэлгээ өгдөг байв. Олон нийтэд нээлттэй сурталчлуулах, зохион бүтээгчдийн санаачлага сонирхолд түшиглэн тухайн үеийн  Үнэ стандартын улсын хороо, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хороо, Монгол телевизтэй хамтран зохион байгуулсан анхны "Гоёл" наадам Залуучуудын Соёлын төвийн диско зааланд болж байжээ. Энэ цагаас эхлэн жил бүр тасралтгүй зохион байгуулагдан өсөн дэвшиж, өргөжин хөгжиж, шинэчлэгдэж ирсээр 30 дахь наадам “Гоёл – 2018” Монгол түмний мэлмийг баясгаж, мэдрэмжийг сэрээхээр бэлтгэл ажил хийгдэж байна.