Энэ сарын 8-ны өдөр байшин шатаж дотор нь байсан гурван хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл тэр өдөр галд өртөн амь насаа алдсан гурван хүүхэд эцсийн мөч хүртэл өөрсдийгөө аврахаар тэмцжээ. Өөрөөр хэлбэл А эхнэрийнхээ хамт түр гарахдаа зургаан настай охин, хоёр настай хүүгээ эгчийнхээ арван настай хүүгийн хамт гэртээ цоожилж үлдээсэн байна. Хаалга цоожтой байснаас гадна бараг 14 метр урт байшингийн бүх цонхыг хулгайчаас хамгаалж гаднаас нь төмөр тороор торлочихсон байж. Онцгой байдлын 15 алба хаагч галыг унтраахаар ажилласан ч хүүхдүүд гэртээ угаартсан байдалтай аль хэдийн амьсгал хураасан байдалтай байсан бөгөөд 10 настай хүү бүх өрөөний цонхыг дотроос нь хагалж, гар хуруу, хүзүүгээ зүссэн байдалтай яг цонхны доор амиа алдсан байжээ. Хүү эцсийн мөч хүртэл төмөр хаалтыг авах гэж зүтгэсэн байна.
Харин зугаан настай охин хоёр настай дүүгээ тэврэн орны доор хэвтсэн байдалтайгаар шатаж биш угаартаж нас барсан байдалтай байсан аж. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас болсон гэж таамаглаж буй бөгөөд хэргийг нь тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.