11.22

Адууны амьдралаар хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулна

“Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг дэлхийн утга зохиолын эрдэнэсийн санд шижир алт мэт гялалзсан бүтээлүүдээрээ ноён оргилуудын нэг болсон Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “АДУУНЫ ТҮҮХ” Холстомер хэмээх хоёр бүлэгт жүжгийг УДЭТ-ын хамт олон 11-р сарын 24-нд тайзны бүтээл болгох гэж байна.     Уг бүтээлийн орчуулагчаар Н.Пүрэвдагва, ерөнхий найруулагчаар УГЗ Б.Баатар нар ажиллажээ. Харин гол дүрүүдэд АЖ Г.Мягмарнаран, АЖ С.Сарантуяа, УГЖ Б.Жаргалсайхан, УГЖ Ж.Оюундарь, УГЖ Г.Урнаа, СТА Д.Баттөмөр, СТА С.Болд-Эрдэнэ, СТА М.Түвшинхүү зэрэг Монголын сор болсон жүжигчид тоглож байгаа аж. “Холстомер” хэмээх энэхүү бүтээлийг туурвихдаа зохиолч 30 жилийн амьдралаа зориулсан гэдэг. Тэр хэрээр ч эл бүтээл “Дайн ба энх”, “Анна Каренина” зохиолуудаас нь дутахааргүй алдартай. Зөвхөн урт удаан хугацаанд бичигдсэн гэдгээрээ бус харин унших тусам улам гүнд нь уусан шингэж бодол эргэцүүлэлийн ертөнцөд оюун санаа, сэтгэл зүрх, мөн чанараа дэнслэн үзэх орон зайг хэн хүнд нээж өгдгөөрөө тэр юм.
Энэхүү бүтээлээс сэдэвлэн Марк Розовскийн жүжгийн зохиол болгосон “Адууны түүх” жүжиг өнгөрсөн зууны 70-аад онд бүр тодруулбал 1975 онд Санкт Петербургийн Драмын Эрдмийн театрын /Хуучнаар Горькийн нэрэмжит театр/ тайзнаа найруулагч Георгий Александрович Товстоногов найруулгаар тайзны бүтээл болгосон бөгөөд уг бүтээлийн гол дүрийг Евгений Лебедев гайхалтайгаар урлан бүтээсэн нь тухайн цаг үеийн театр, урлаг шүүмж судлаачдыг уулга алдуулсан төдийгүй үзсэн үзэгчийн зүрх сэтгэлийг байлдан  дагуулж тайзны урлагийн түүхэнд бас нэгэн “үзэгдэл” болж үлдэж чадсан гэдэг.

Адууны амьдралаар хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулж “тархи амрах” агшинг эс олгох энэ бүтээл үзсэн хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгааж үлдээх нь дамжиггүй билээ.

Насны ангилал: 16+

Нээлтийн тоглолтууд: 11 дүгээр р сарын 24,25,27,28,29,30,12-р сарын 01-нд 19:00 цагаас, 11 дүгээр сарын 26,12 дугаар сарын 2,3-нд 17:00 цагаас 
Тасалбарын үнэ: суудлын зэрэглэлээс хамааран /10.000₮ 15,000₮ 20,000₮ 25,000₮ 30,000₮ vip 50,000₮/
Юнителийн хэрэглэгчид зөвхөн УДЭТ-ын кассаар 200gg-ээр 5000₮ off /10.000₮ болон 50,000₮ тасалбараас хөнгөлөлт эдлэхгүй/
Тасалбарыг УДЭТ-ын касс, www.ticket.mn, үнэгүй хүргэлт: 1900-1800
99026929, 96117878, 99199794, 89403070