Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллээс үзвэл хорих ангийн нөхцөл хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хамаагүй сайжирчээ. Үүнийг ч өөрсдийн үйл ажиллагаатай холбож үздэг. Улсын төсвөөс сүүлийн жилүүдэд асар их хөрөнгө зарцуулсан ч төгс төгөлдөр болоогүй байна.
Сайны хажуугаар саар байгааг хэлэх ёстой. Прокурорын хяналт, шалгалтын хүрээнд өнгөрсөн онд 893 удаагийн шалгалтаар 1958 зөрчил илрүүлсэн, хууль журам зөрчсөн 278 хүнд арга хэмжээ авахуулсан, 428 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн аж. Хорих ангид ихэвчлэн ямар төрлийн зөрчил гарч байна вэ гэхээр 2014 онд хорих ангид 1543 зөрчил, долоон гэмт хэрэг бүртгэгдсэн.
Нийт зөрчлийн 62.7 хувь нь гар утасных. Эдгээр гэмт хэрэг зөрчлийг бууруулахад прокурорын хяналтаас гадна хорих анги, байгууллагын дотоод хяналтыг чангатгах, алба хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай байгаа гэнэ.