12.05

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн логик алдааг засч амжсан уу

УИХ-ын нэр бүхий гишүүд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад 2016 оны 12 дугаар сарын 28-нд өргөн барьснаас хойш бараг нэг жилийн нүүр үзэх гэж байна.  Одоогоор уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг анхных гэдэг утгаараа олон талаас нь судалж эхлэлийг нь зөв тавих шаардлагатай гэж хуульчид байр сууриа илэрхийлсээр байна. Тэдний шүүмжилж байгаагаар хууль зүйн талаасаа уг хуулийн төсөл нь наанадаж  арилжааны банк, даатгалын байгууллага, хөрөнгө оруулалтын банкны зарим үйл ажиллагааг хооронд нь хольсон, суурь ойлголт дээрээ будилсан логик алдаа цөөнгүй байгаа юм. Монгол Улсын эдийн засагт асар том нөлөөтэй, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах учраас харилцаа холбоо, үр дагаврыг нарийн тооцсон байх учиртай. Дутуу дулимаг боловсруулсан хууль, журмаар гадны хөрөнгө оруулагчийг оруулж ирвэл дараа нь асар том маргаан, тогтворгүй байдал бүрдүүлж урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсэх магадлалтай юм.
 
Одоогоор УИХ-аар хэлэлцэх шатанд яваа хуулийн төсөл нь хэдийгээр “Хөрөнгө оруулалтын банкны тухай” гэсэн нэртэй боловч санхүүгийн зах зээл дэх Хөрөнгө оруулалтын банкны үүрэг оролцоо, үндсэн үйл ажиллагаанаас эхлээд санхүүгийн тогтолцооны хувьд эзлэх байр суурь, ач холбогдол талаас нь авч үзээгүй, дутуу дулимаг тал ажиглагдаж байна. Үүнийг тодорхой болгож, ойлгомжгүй эмх замбараагүй “боосон” хуулийн төсөл батлагдвал харамсавч оройтохоор үр дагавартай юм. Тиймээс гадны улс орнууд Хөрөнгө оруулалтын банкны зохицуулалтыг ямар хэлбэрээр ашиглаж байна, эдгээрээс Монголд аль хувилбар нь, яагаад тохиромжтой вэ гэдэг талаар сануулахад илүүдэхгүй болов уу.
 
Тухайлбал, Герман, Швейцарь зэрэг оронд банк нь дотроо арилжааны банк, хөрөнгө оруулалтын банк, үнэт цаасны компани, даатгалын компани зэргийг багтаасан унивверсал хэлбэрээр зохицуулдаг байхад Англи, Японд хөрөнгө оруулалтын банкаа банкны охин компани хэлбэрээр зохицуулалт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, банк ба хөрөнгө оруулалтын банк хэлбэрийн охин компани  гээд тусдаа зохицуулалттай. Харин АНУ зэрэг зарим оронд банк болон хөрөнгө оруулалтын банк нь тусдаа бөгөөд нийлээд санхүүгийн холдинг компани хэлбэртэй байж жишээтэй.
 
Тэгвэл Монголд ямар хувилбар тохиромжтой вэ. Одоогийн хууль тогтоомжийн хүрээнд “Арилжааны банк”, “Хөрөнгө оруулалтын банк” нь тусдаа, тэр хоёр нийлээд санхүүгийн холдинг компанийн хэлбэртэй байхаар зохицуулалттай. Гэхдээ арилжааны банкууд нь Монголбанкнаас, Хөрөнгө оруулалтын банк нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө аван үйл ажиллагаагаа явуулахаар зохицуулагдах нь тохиромжтой юм. Үүний давуу тал нь системийн эрсдэлийн хувьд харьцангуй тогтвортой, илүү хялбар зохицуулалттай, банкууд нь бизнес загвараа сайжруулан хөгжүүлэх боломжтой, байнга шинэчлэгдэн хөгжиж буй хөрөнгийн зах зээлд төвлөрлийг сааруулж, шинэ оролцогчдод боломж олгох зэрэг жишээтэй. Мөн санхүүгийн зах зээлийн хүртээмж нэмэгдэж, үйлчилгээний үр ашиг сайжирна. Санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахад илүү нээлттэй болох юм.
 
Энд нэг зүйлийг дурдахад, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг санаачлагчид Хөрөнгө оруулалтын банк гэсэн ойлголтыг зөвхөн гадаад улсын банк Монголын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломж гэдэг өрөөсгөл талаас нь харсан алдаа харагдаж байна. Тиймээс арилжааны банкны зарим үйл ажиллагаа, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн зарим үйл ажиллагааг нийлүүлэн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа гэж тодорхойлон зохицуулсан нь одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж буй Банкны тухай хуультай зэрэгцсэн тогтолцоог бий болгохоор чиглэжээ. Ингэснээр Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах эрх бүхий этгээдийг зөвхөн гадаад улсын хөрөнгө оруулагч байхаар хуулийн төсөлд тусгасан нь тун хязгаарлагдмал зохицуулалт гэж дүгнэж болно.
 
Түүнчлэн арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь хуульд заасан үйл ажиллагаа тус бүрээр тусгай зөвшөөрөл авдаг. Өөрөөр хэлбэл одоо өргөн баригдсан байгаа зохицуулалтыг харвал Хөрөнгө оруулалтын банк нь арилжааны банкны үндсэн үйл ажиллагааг эрхлэхгүйгээр зээл олгох, батлан даалт, баталгаа гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл энэ байдал нь “Хөрөнгө оруулалтын банк” нэртэйгээр Арилжааны банкны үйл ажиллагааг эрхлэх боломжийг нээж өгч байна. Ингэснээр Хөрөнгө оруулалтын банк хэмээх санхүүгийн институцийг арилжааны банкны зарим үйл ажиллагааг гадаад улсын банк эрхлэх арга хэрэгсэл төдийхнөөр авч үзэж, үнэт цаасны зах зээл дээр ажиллах үндсэн үйл ажиллагааг нь “дайвар” маягаар хариуцуулах нь бодлогын маш том алдаа болох юм.
 
Мөн эндээс хуулийн төслийг боловсруулахдаа “мэргэжлийн нүдээр” хараагүй гэдэг нь хэн бүхэнд тодорхой.
 
Дээр дурдсан асуудалтай холбоотойгоор дахиад л АНУ-ын жишээг харъя. АНУ-д 1933 онд Гласс-Сигелийн актаар Арилжааны банк, Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг тусгаарлаж байсан бол 1999 онд Грэм-Лич-Блайлийн актаар банкуудын үйл ажиллагааг нь нэгтгэх боломжийг олгож байсан байна. Гэхдээ 2007-2008 оны санхүүгийн их хямралын нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама санхүүгийн салбарт томоохон реформ хийхээр шийдвэрлэж, улмаар 2010 онд Додд Фрэнкийн актаар банкны уламжлалт үйл ажиллагаанаас хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг тусгаарлаж, Волкерийн журмаар банкууд өөрийн хөрөнгөөр арилжаа эрхлэх, түүнчлэн хаалтай болон хувийн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулахыг хязгаарлах зохицуулалттай болсон байна. Энэ мэтчилэн АНУ-ын хөрөнгө оруулалтын банк тодорхой түүхэн хөгжлийн үе шатуудыг туулж иржээ.
Эндээс яагаад Хөрөнгө оруулалтын банк болон Арилжааны  банкны үйл ажиллагааг тусгаарлах шаардлагатай байдаг вэ гэдэг асуулт гарч байна. Арилжааны банк нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр эрсдэл ихтэй хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх нь санхүүгийн системийн тогтворгүй байдалд нөлөөлдөг. Банк нэг талаас хөрөнгө оруулагч, нөгөө талаас хөрөнгө босгогч талд нэгэн зэрэг үйлчилгээ үзүүлэх нь ашиг сонирхлын зөрчил бий болгодог. Универсал банкууд өөр хоорондоо холбоотой, нарийн төвөгтэй санхүүгийн үйл ажиллагаануудыг явуулсанаар зохицуулалт, хяналтын үйл ажиллагааны үр дүн сулардаг зэрэг шалтгаанаар  Хөрөнгө оруулалтын банк болон Арилжааны  банкны үйлчилгээг тусгаарлах нь зүйтэй гэж үздэг.
 
Одоо хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банкны үйл ажиллагаа явуулахын тулд Монгол Улсын хуулийн этгээд байгуулахаар тусгажээ. Гадаадын үүсгэн байгуулагчтай Монгол Улсын хуулийн этгээдэд банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагааг хянах эрх зүйн тогтолцоо Банкны тухай хуулиар зохицуулагдсан харилцаа юм. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль санаачлагчийн үзэл баримтлалд дурдсанчлан “байхгүй” харилцаа биш. Мөн хуулийн төслийн 9.1-д “Хөрөнгө оруулалтын банк байгуулахад Монголбанкнаас зөвшөөрөл авна”, гуравдугаар бүлэгт зааснаар Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах зохицуулалт нь бүхэлдээ Монголбанкны хяналтын хүрээнд байгаа зэргээс харахад давхцал ихтэй төдийгүй хуулиар олгож байгаа боломж нь салаа утгатай, сонголт хийх өгөгдөлтэй зэрэг логикийн алдаатай байна. Энэ алдааг засахгүйгээр түүхий төслийг УИХ-аар батлуулж анхныхаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг олон улсын санхүүгийн зах зээлд “бооцооны ширээн дээр” тавьчихаад үүдээ нээх нь үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд онц ноцтой үр дагавартайг сануулахад илүүдэхгүй болов уу.

НИЙТЛЭЛЧ У.ОРГИЛМАА