12.07

Уул уурхайн лиценз олгоход блокчейн ашиглах боломжтой

-Блокчэйн технологийг “Крипто Үндэстэн” чуулга уулзалт онцоллоо-

Хэдхэн жилийн өмнө бид цахим мөнгө, интернет банк гэж ярьж эхэлсэн бол одоо биктойн, этэриум зэрэг криптовалют хүч түрэн орж ирлээ. Мөнгө санхүүгийн салбарт гарч ирсэн криптовалютын тухай дэлхий нийтээр ярьж, ялангуяа биткойн олборлох хүсэлтэй хөрөнгө оруулагчид улам олширч байна. Олон нийтийн анхаарлын төвд хэдийнэ орсон биктойн, блокчейн, криптовалют гэж юу вэ. Үүнд хариулт өгөх, улмаар “цахим алт” хэмээн тодотгох болсон биткойны ирээдүйн төлөв, зохицуулалтын орчинг “Крипто Үндэстэн” чуулга уулзалт энэ удаа сонгон хэлэлцлээ. Тус арга хэмжээг Ард санхүүгийн нэгдэл, Гадаад харилцааны яам хамтарч энэ сарын 1-2-нд зохион байгуулсан юм. Иргэдэд зөв мэдээлэл түгээх нь төр, хувийн хэвшлийн тэргүүн зорилт байлаа. Энэхүү чуулга уулзалтаар финтекийн цаашдын хөгжил, блокчэйний Монгол дахь хууль эрх зүйн орчин зэрэг сэдвээр зохион байгуулагчид хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Одоогоос найман жилийн өмнө Сатоши Накамото хэмээх хүн бикткойн гэх шинэ цахим валютын санааг дэвшүүлсэн нь криптовалютын хувьсгалыг эхлүүлсэн гэхэд болно. Тэгвэл критовалют гэж юу вэ. Энэ бол ам.доллар, иен, евро зэрэг гадаад валютын нэгэн адил арилжааны хэрэгсэл. Гэхдээ криптограф дээр суурилан цахим мэдээллийн сүлжээн дээр оршин тогтнодог. Харин криптограф гэдэг нь шинэ гүйлгээг хамгаалах, зоос шинээр үүсэх үйл явцыг хянахад ашигладаг кодчилол юм. Өөрөөр хэлбэл, криптовалют нь үнэ цэнэтэй урт томъёо болгон хувиргасан цахим код гэж болно. Ихэнх криптовалютын нийлүүлэлтийг анхнаасаа хязгаарлагдмал байхаар зохион бүтээсэн учраас зах зээлийн үнэ цэнэ зөвхөн хэрэглэгчдийн эрэлт, нийлүүлэлтээс хамааран өөрчлөгддөг  байна. 

Блокчэйн технологийг ашиглан мөнгөний бүх шинж чанарыг агуулсан биткойн нь өдгөө цахим мөнгөний үүрэг гүйцэтгэх хэмжээний санхүүгийн “зэмсэг” болоод байна. Хэдий ийм боловч биткойныг зохицуулах банк гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн төв банкнаас хамааралгүй. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй гэхээр олон хүн гайхдаг. Үүнийг хэрхэн зохицуулахаа дэлхий нийт хараахан шийдэж чадаагүй, ажиглах төдий байна. Хэдий ийм боловч блокчэйн технологийг цахим хувьсгалын үндэс суурь гэдэгт “Крипто Үндэстэн” чуулганы оролцогчид санал нэгдлээ. 

Тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Блокчэйн технологийг Монголд нэвтрүүлэх ёстой. Үүнийг дан ганц криптовалют олборлох төхөөрөмж гэж харах нь учир дутагдалтай. Манай яамны хувьд уг технологи хамгийн сонирхолтой сэдэв болчихоод байна. Учир нь блокчэйн технологи дээр маш олон хэрэглээ гаргах боломжтой. Тухайлбал, төрийн албаны тунгалаг байдлыг блокчэйн технологи түшиглээд жинхэнэ утгаар нь бүрдүүлэх гарц харагдаж байгаа юм. Тиймээс дэлхийн анхны тоон элчин сайдын яамыг интернэт орчинд байрлуулахаар ажиллаж байна. Энэ нь интернет орон зай руу буюу Монгол Улсыг дэлхийтэй холбож өгөх юм. Үүнийг бодитой хийгдэх ажил гэж ойлгож болно. Энэ хүрээнд хүмүүст үүрэг өгсөн, ажил нь урагшилж байна” гэв. 

Хувьсан өөрчлөгдөж буй энэ цагт интернет технологийг дагаад бүх салбарт шинэ бүхэн цэцэглэж, хуучин мэдлэгтэй “тэрсэлдэж” байна. Биткойн олборлох хүсэлтэй хүн болгон блокчэйнийг хөрөнгөө өсгөх “түлхүүр” болгохоос гадна эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбарт хүртэл нэвтрүүлэх санал дэвшүүллээ. Тухайлбал, араасаа байнга хэл ам дагуулж байдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буюу лиценз олгоход блокчэйн технологийг ашиглах бүрэн боломжтой аж. Үүнийг “Крипто Үндэстэн” чуулга уулзалтад оролцсон “Стандарт Капитал” компанийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн онцоллоо. 

Манайх шиг хүн ам цөөн, өргөн уудам нутагтай, 330 гаруй сум, 21 аймаг нь хоорондоо хатуу болон зөөлөн дэд бүтцээр тааруу холбогдсон газар блокчейны хэрэгцээ их байгаа нь лавтай.  “Крипто Үндэстэн” чуулга уулзалт биткойныг ашигтай, ашиггүй гэж сурталчлах бус энэ талаарх зөв ойлголтыг илүү ажил хэрэгч байдлаар нийгэмд таниулах, ойлгуулах, үүнтэй холбоотой мэдлэг, мэдээллийг дам сургаар бус судалгаа, бодит жишээтэй нь, албаны хүний үгтэй нь хүргэх зорилго өвөртөлжээ. 

Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан нь байдаг. Мэдэхгүй учраас алдах, буруу шийдвэр гаргах нь бий. Тэгвэл ийм эрсдэлээс иргэдээ хамгаалах, улмаар болохгүй, бүтэхгүй гэж хардаг байсан зарим зүйл нүдэн дээр эсрэгээрээ өрнөж байгааг сонордуулах нь тус чуулганы ээлжит зорилго аж. Биткойны суурь технологи блокчэйн  нь өөрөө нээлттэй, шилэн дансны зарчмаар бүртгэгддэг, төвлөрсөн буюу хэнээс ч хараат бус, дундын зуучлагч байгууллага байдаггүй технологи. Харин биткойн нь энэ том системийн зөвхөн гүйлгээний нэгж төдий дайвар бүтээгдэхүүн. Тэрчлэн цахим мэдээллийг тараах боломж олгодог ч хуулбарлахыг нь хориглосноороо блкочэйн технологи интернэтээс давуу талтай гэдгээ харуулаад байна. Тиймээс блокчэйн нь төрийн хүнд суртлыг багасгах, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх хэрэгсэл төдийгүй төрөөс иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг хялбар шийдэх ид шидтэй аж. 

АНУ-д төвтэй Steppe компанийн зөвлөх Д.Болдбаатар “Монгол бол жижиг улс. Хэрэв үүнийгээ давуу тал болгож блокчейн технологийг хурдтайгаар ашиглан хөдөлж чадвал харьцангуй богино хугацаанд дэлхийн хөгжлийг гүйцэх асар том боломж бидний өмнө байна” хэмээн хэлсэн юм. Блокчэйн технологи дээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, оршин суух гэрчилгээ, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа гээд бүгдийг хадгалах боломжтой. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Санхүүгийн зах зээлд гарч буй шинэ боломжууд шинэ эрсдэл дагуулж байдаг. Блокчэйн бол ирээдүйтэй, сайн технологи” хэмээн тодотгосон юм. Тэрчлэн блокчэйн технологи нь цахим хэлбэрээр, өндөр нууцлалтайгаар иргэд сонгуульд саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлж байна. Улс орнууд сонгуулиа энэ хэлбэрээр явуулснаар зардлаа хэмнэхээс гадна шударга байдлыг тогтоох боломжтой аж.

“Датаком” компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат “Бид нүүрсээ өмнөд хөршдөө борлуулж мөнгө олж байна. Түүнтэй адилхан дэлхийн долоон тэрбум хүнтэй хамтран ажиллах маш олон шинэ чиглэл гарч ирж байна. Чиглэл нь технологийн дэвшлээ дагаад харилцан адилгүй. Өнөөдрийн залуучуудын хувьд блокчэйн нь шинэ экспорт, импортын хамтын ажиллагааны боломж нээж өгч байна” хэмээн онцолсон юм. Тэрбээр “Криптовалют нь эрсдэлтэй. Гэхдээ мэдэхгүй хүнд бүр их эрсдэлтэй. Тэгэхээр эрсдэлээ багасгахын тулд иргэд өндөр ашгийн хойноос хөөцөлдөх бус эхлээд юу болохыг нь танин мэдэх хэрэгтэй” гэв.

Эх сурвалж: http://bayartogtokh.blogspot.com/