12.07

Эр хүн

Эр хүн, их гүнзгий ертөнц,...

Ээнэгшин дасвал эргэж үл буцах итгэл найдвар, ..эмзэглэж
сэтгэл хөрвөл эргүүлж үл болох шулуун зам
Элэн халих бүргэд шиг эр зоригоор нисэн дүүлж, эх
дэлхий эрхэс гаригийг ч эрхшээн эзэмших агуу хүч

Эр хүн,... их ширүүн урсгал
Хайрыг нь дааж чадвал халгин цалгихаас ч буцахгүй,
хариулж нэг л гомдоовол хагацан салахаас ч ухрахгүй
Нөхөрлөж чадвал нөмөрт нь удаан хоргодох энгэр уул,
нээнтэглэж өө гаргавал нанчилдаж салах зөрүүд омогшил

Эр хүн,... их өндөр мод
Тэнгэр өдөө тэмүүлж ургасан тэвчээр хатуужлын үр,
салаалсан олон мөчрийг тэжээж зангидсан амь
Хайран даа сөхөрч ургах гэрэлт шугуй ,.. хад чулуунд
босоо зүтгэх хар мод.

Эр хүн,.. эгэлгүй сэтгэл
Уяран дуулвал дотогшоо зангидаж урсдаг, ..ухааран
бодлогоширч зүрхэн тэлж өтөлдөг

Уужим сайхныг сэтгэлдээ зурж, зурсан зургандаа шунан
дурлаж амьдардаг зуурдын, үүрдийн тавиланг өөрөө сонгох
эр сэтгэл

Эр хүн,... эцэг уул
Үрсдээ том нар, үүрд мандах шаргал дэлхий,..үргэлж
тэднийхээ төлөө үрэгдэж элэгдэх, өтөлж гандах буурал туяа
Үнэнч ханийнхаа энгэрт эрхэлж тунирхсан атган зүрх,
үүлгүй тэнгэрийн хормойд бол завилж эзэгнэсэн эцэг уул...
эр хүн
Х.ДУЛАМСҮРЭН